Зурган дээр баруун гар талаас Ч.Эгшиглэн, Иден Блэр, Каллум Даргавел, Томас Шортриж
болон Xaвьэр Редмонд нар (Австралийн баг)

Австралийн Канберра Коллежийн сурагч Ч.Эгшиглэн охин Дэлхийн Сургуулиудын Мэтгэлцээний Тэмцээнд (World Schools Debating Championships-WSDC) багаараа оролцон гуравдугаар байрт оржээ.

Энэхүү тэмцээн нь Герман улсын Штутгарт хотноо болсон юм. Уг мэтгэлцээнд нийт 56 улсын сурагчид оролцсон бөгөөд баг оролцсоноос Англи улс тэргүүлж, Канад удаалж, Австрали гуравдугаар байрт оржээ. Австрали улсыг төлөөлж Иден Блэр, Каллум Даргавел, Томас Шортриж, Xaвьэр Редмонд болон Ч.Эгшиглэн нар нэг баг болон оролцсон юм.

Дэлхийн мэтгэлцээний тэмцээнд амжилт үзүүлсэн монгол охин Ч.Эгшиглэнгийн талаар Австралийн Канберра Таймс сонинд нийтлэл гарчээ. Уг нийтлэлд бичсэнээр Эгги (найзууд нь түүнийг ийнхүү дууддаг) аялалаар явах нь түүнд өөрийн мэтгэлцэх чадвар болон боломжийг нээж өгдөг гэсэн. Мөн тэрбээр "Би өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Гадаад харилцааны бодлого, бүр Бейонсигийн шинэ цомгийн талаар ч сонирхолтой мэтгэлцээн өрнүүлж байсан. Энэ мэт олон сайхан мэтгэлцээнүүд надад туршлага болон үлддэг" гэжээ.

Тэрбээр өмнө нь Хобби дунд сургуульд суралцаж байсан юм. Түүний аав Б.Чулуунхүү нь өдгөө Монгол Улсаа төлөөлж Австрали улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилладаг юм.