Өчигдөр оройны 19.00 цагийн нислэгт суугаад нэг л мэдэхэд Солонгос улсад буучихлаа. Одоо яах вэ, хаа хүрэх вэ. Ер нь зүрхээ л дага гэсэн.

Гэтэл энд миний дагаж ирсэн зүрх олдохгүй байна. Ядаж байхад яг хаашаа аль зүг рүү явбал олоод очих боломжтой талаар ганц ч үг асууж чадаагүй эзний мунхагаас болоод би энд Сөүлийн нисэх дээр гацчихлаа. Энд таних хүн алга. Уг нь эзний эхнэр энд Сөүлд бий. Гэхдээ би эзний эхнэртэй уулзах гэж бус харин өөрийнхөө зүрхийг л дагаж ирсэн. Түүнийгээ л олоод уулзчихмаар байна. Эзэн гэртээ хөндий цээжтэй хэцүүхэн л яваа байх. Мөн миний араас ирэх үү, гэр бүл, амьдралаа авч үлдэх үү гээд л эргэлзээн дундаа хямарч суугаа биз. Би бол “зүрх зүрхээ дагадаг” гэдэг үгний дагуу л амьдрах болно. Ер нь эзэнд сайн хэлсэн л дээ. Зүрх хэзээ ч худлаа хэлэхгүй гэж. Тэгсэн сонсохгүй “миний хүү … миний эхнэр” л гээд үглээд байсан юм. Ганц л амьдарна шүү дээ. Мөн дэлхий хэзээ ч сүйрч магадгүй. Тиймээс би лав эзэн шиг хөлдүү байхгүй. Харин ч эсрэгээрээ олдож буй боломжоо ашиглаж өөрийн зүрхээ хайрлаад л үзнэ яадаг юм. Эзэн тэндээ хөндий хоосон биетэйгээ, хувь тавилангаа зүхээд амьдарч л байна биз. Гэснээс миний дагаж ирсэн түүний минь зүрх энэ нисэх буудлаас лав олдохгүй юм шиг байна. Сурдаг сургуулийг нь сураглаад олоод очьё доо. Мм… сургууль нь бас амарчихаж…

Би чинь эзнийг хаяж ирчихэд ёстой жинхэнээсээ энэ Солонгост харлаж байгаа юм биш байгаа. Ядаж байхад биегүй зүрхэнд ажил ч олдохгүй. Халааслаж ирсэн хэдэн төгрөг ч дуусч байдаг. Дагаж ирсэн зүрхээ л олчихвол асуудал багасна гэж найдаж байна. Сургуулийн жижүүр өвгөнөөс учраас хэлж байгаад л гэрийнх нь хаягийг олж авна даа. Тэр зүрх ч бас минийхтэй ижил хэлбэртэй зөвхөн бие биедээ зориулсан болохоор би хаанаас ч харсан танина л даа. Харин энэ манаач өвгөн чинь овоо юм ойлгодог сийрэг толгой юм байна. Миний зурсан, ярьсан болгоныг ойлгоод нулимс дуслуулж, утсаа аваад эмгэн рүүгээ ярьж уучлалт гуйгаад байх юм. Гэтэл би чинь эхнэрийн зүрхийг мартаад өөр зүрх хайж ирсэн шд, өвөө минь. Тэгсэн уйлж уйлж байгаад л намайг урдаа тэврээд явж өглөө шүү.

“Ажлаа яасан бэ” гэсэн “Ажил хамаагүй. Тэгээд ч тэр холоос биеээ орхиж, золиос гарган ирсэн зүрх чамд үйлчлэхэд татгалзах юм алга л гэж байна”. Бид хоёр яваад л байлаа. Автобус, такси, дугуй, метро гээд сууж үзээгүй тээврийн хэрэгсэл алга. Гэвч тэдгээрийн алинд ч миний хайж ирсэн зүрх байсангүй. Үнэхээр урам хугарч, өвөөгийн тэнхээ ч дуусч байх шиг байна. Тэгээд хоёул амрахаар сандал дээр сууж байтал урдхан байх эмийн үйлдвэрээс миний хайртай зүрх гараад явж байна шүү. Өвөөг гялс босгоод л хоёул хар хурдаараа гүйгээд очлоо. Энэ гэнэтийн учрал гайхах, балмагдах зэрэг үйлдлүүд давхцаад бөөн юм болсон л доо. За ингээд өвөөд баярлалаа гэж хэлчихээд өөрийн зүрхийг дагаад гэр лүү нь явлаа даа. Тэгсэн миний хайртай зүрхний эзэн нь манай эзнийг асууж байна. Тэгэхээр нь “тэр ирэхгүй. Тэрэнд гэр бүл нь чухал. Гэнэтийн учралаа, сайхан дурсамжаа сэтгэлдээ л нандигнаж явья гэсэн. Харин би бол таны зүрхгүйгээр амьдарч чадахгүй” гээд л хэлээд орхичихлоо. Асгартал уйлж байна. Миний зүрх ч дагаад уйллаа. “Яасан бэ би хүрээд ирлээ шүү дээ. Битгий уйл л даа” гэсэн чинь миний хөөрхөн зүрх надруу хараад “Тэнэгхэн минь чи өөрийгөө хардаа уг нь улаан өнгөтэй байх ёстой. Гэтэл тас хар болчихож.

Энэ хэвээр үргэлжилвэл чи хумхын тоос болно. Өөрөөр хэлбэл эзэнгүй зүрх ганцаараа удаан явж болдоггүй юм. Ингэж удаан явснаас болоод чи болоод эзэн чинь үхэх аюултай. Намайг олоод ирсэн баярлаж байна. Гэвч эзэн чинь ирээгүй бол чи бид хоёр хоромхон хугацаанд л хамт байж чадна. Дараа нь би ч, миний эзэн ч шаналах аюултай. Тэгэхээр тэнэг минь одоо буц. Надад хайртай л юм бол сайхан амьдар. Эзнийхээ үгэнд ор. Эзнийхээ эхнэрийн зүрхийг хайрла. Тэд бүгд чамд хайртай. Хоёул сайхан дурсамжаа л хадгалж явья. Үгүй бол чи тун удахгүй энэ хорвоогоос хийсч алга болох нь байна. Хурдан буц. Манай эзэн түүнд л санаа зовж байна. Би ч бас” гэдэг юм байна. Юу гэсэн ч үг юм. Хүн тэр холоос золиос гаргаж биеэ ч хүртэл орхиод ирж байхад гэж амандаа бувтнан толинд хараад золтой л арагш уначихсангүй. Ямар аймар болоо вэ. Яг л олон жил тамхи татсан өвгөний уушги шиг царайтай болчиход. Бас юун хар өнгө вэ. Нээрэн би ингээд энэ хорвоогоос явж одох юм гэж үү. Дэлхий сүйрэхээс өмнө л хос зүрхээ олоод хамтдаа сайхан амьдарья гэж бодсон чинь үгүй байж ээ. Яагаад толгой эргээд байна аа. Нүд ч бас харанхуй л байна. Хөөрхөн зүрхээ хайж ирээд хүний газар ясаа тавих нь дээ. Уучлаарай эзэн минь. Би өөрийгөө болон таныг ч бас хохироочихлоо. Хоёулаа дээр уулзья даа. Хайртай шүү “хөөрхөн зүрх” минь. Битгий их шаналаарай.

Мөн удаан ганцаараа явж болохгүй шүү. Болж өгвөл эзнийхээ үгэнд ордог сайн зүрхтэй танилцаж, түүнтэйгээ амьдраарай. Олон жилийн дараа тээр дээр уулзья. Ам цангаж байна. Амьсгалахад бэрх байна. Ядаж байхад яасан ч бүгчим халуун орон бэ. Гэхдээ даарч байна ……………………………….