Хоёрхон сарын өмнө болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын нэр дэвшигчид мөнгө тарааж хууль зөрчсөн гэдгийг хуулийн байгууллагынхан шалгаж тогтоосон байна. Тодруулбал, Сүхбаатар, Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид иргэдийн сонголтыг худалдаж авахын тулд их хэмжээний мөнгө тараасан болохыг мөрдөн байцаалтын явцад олж тогтоосон талаар Улсын ерөнхий прокурорын газраас уржигдар албан ёсоор мэдээлсэн юм. Тэгвэл Сүхбаатар, Багануур дүүрэгт МАН-аас хэн, хэн нэр дэвшсэнийг эргэн нэг санацгаая. Уг дүүргийн 61 дүгээр тойрогт Сү.Батболд, 62 дугаар тойрогт Ц.Цогзолмаа, 59 дүгээр тойрогт Д.Цогтбаатар нар тус, тус нэр дэвшин өрсөлджээ. Эдгээр нэр дэвшигчид бүгд ялалт байгуулж УИХ-ын гишүүд болцгоосон байна. Прокурорын байгууллагаас “МАН-ын нэр дэвшигч биш дэвшигчид” гэж мэдээлсэнээс үзвэл дээрх гурван нэр дэвшигч гурвуулаа мөнгө тараасан бололтой.

 

Тухайн нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татах хүртэлх арга хэмжээг авахаар хуульчилжээ

 

Сонгуулийн үеэр хууль зөрчин мөнгө тараасан нэр дэвшигчдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Тодруулбал, мөнгө тараасаныг нь цагдаагийн байгууллага цаашилбал прокурор шалгаад тогтоочихсон энэ үед эдгээр гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хуулийн дагуу уг хэргийн шүүх хурал болох бөгөөд шүүхээс дээрх гишүүдийг мөнгө тараасан гэж үзвэл УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авах ёстой аж.

 

Сонгуулийн тухай хуулийн 70.1.1 дүгээрт мөнгө, эд зүйл тараахыг албан ёсоор хориглосон. Хэрвээ дээрх заалтыг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох зэрэг зохицуулалтууд байгаа. Мөн тухайн нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татах хүртэлх арга хэмжээг авахаар хуульчилжээ.

 

Өнөөдрийн байдлаар сонгогчдын саналыг худалдаж авахаар мөнгө тараасан гэх нэр дэвшигчдийн шадар туслах, ухуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэн УПЕГ-аас хяналт тавин ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.24tsag.mn