Улаанбаатар хотыг бүс нутгийн баялал жуулчлалын бүс болгох зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 06-07-нд “Монгол наадам” цогцолборт болсон билээ. 1922 оноос хойш тэмдэглээгүй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын арга хэмжээг өнгөрсөн онд буюу Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан сэргээсэн. НЗДТГ-аас уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулалт муутайхан шиг хийсэн билээ. Наадмын үеэр худалдаа, наймаа эрхлэгчдийг хохироосон асуудлаар “Төгсжаргал” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын тэргүүн Э.Долгорсүрэн, хувиараа бизнес эрхлэгч П.Төмөрчулуун нар мэдээлэл хийж байсан бөгөөд энэ асуудал намжаагүй байхад дахин нэг ААН-ийг хохироосон мэдээлэл байна.

Наадмыг зохион байгуулагчид гурван өдрийн турш “Geomine” ХХК-иас 30 асар түрээслэн авсан бөгөөд одоо болтол төлбөр мөнгөө өгөхгүй хэдэн бие рүүгээ шидэж, асуудлыг шийдэж өгөхгүй байгаа ажээ. Бид энэ талаар “Geomine” ХХК-ийн захирал Н.Ариунаагаас тодруулахад: НЗДТГ-аас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний гүйцэтгэгчээр “Хүчит майнинг” гэх компани орсон. Ингээд гурван өдөр, 30 асар түрээслэхээр 3 900 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ хийсэн. Үүнээс 1 900 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 2 000 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Төлбөр тооцоогоо нэхэмжилэхэд гүйцэтгэгч компани нь төрийн сангаас мөнгө өгөхгүй байна гэж хэлдэг байна. Өнгөрсөн жил ч гэсэн НЗДТГ-аас мөн л нэг компаниар дамжуулж гэрээ хийгээд 600 000 төгрөг өгөөгүй. Дунд нь гүйцэтгэгч компаниуд ажиллаад байдаг юм уу, нийслэл мөнгө шилжүүлэхгүй байгаа юм уу мэдэхгүй байна. Аргаа бараад байна” гэв.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор уг наадмыг хамтран зохион байгуулсан НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаагаас тодруулахад: Энэ талаар мэдэхгүй байна. Би хэвлэл мэдээлэл хариуцсан хүн. Санхүүгийн асуудал хариуцсан н.Ганхүүгээс тодруул. Ер нь бол бичиг цаасаа өгсөн л бол мөнгө олгогдож л таарна ш дээ” гэв.

Харин НЗДТГ-ын мөнгө, санхүү хариуцсан н.Ганхүү гэгч нь “Алтаргана” компаниас тодруул гэж хэлсэн юм. Тус компанитай холбогдох гэж хоёр удаа залгасан боловч утсаа авсангүй.

Даншиг наадмыг хотын өмнөх удирдлагуудын зохион байгуулсан ажил юм. Үүнээс болоод асар майхан түрээслүүлсэн “Geomine” ХХК үлдэгдэл мөнгө болох 50 хувийг өнөөдрийг хүртэл аваагүй алдагдал хүлээсээр байна. Уг нь өмнөх болон одоогийн Засаг дарга нар, тэдний ажлын албад хариуцлагатай хандсан бол өнөөдөр нэг компани ийнхүү хохирохгүй. Хариуцлагагүй нь дэндсэн Даншиг наадмын зохион байгуулагчдийн шийдээгүй орхисон асуудал хэн, хэрхэн шийддэгдэх нь тодорхойгүй байна. Шинэ хуучин Засаг дарга нар ажилдаа хариуцлагатай хандаад хохироосон байдлаа эргэн харна уу.

 

М.Буянжаргал