Энэ долоо хоногт улс оронд маань олон үйл явдал болж өрнөлөө.

Улс төрд энэ долоо хоногт олны анхаарлыг татсан үйл явдал нь цалингийн асуудал байв. МАН цалин, зардлыг багасгана гэдгийг мэдэгдлээ. Ингэхдээ Өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулах юм.

Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат Улстөрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувь бууруулна. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулна гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр "Сангийн яамнаас төсвийн тодотгол боловсруулж байгаа. Төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Ойрын үед Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэж хэмнэсэнээр энэ оны хувьд нийлээд гурав орчим тэрбум төгрөг, ирэх жилд найм орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ" хэмээн онцлов.

Бага ангийн боловсрол /цуврал-3/: "Унших бичгийн хичээлээ оруулъя" сайд аа

Манай улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөр 2014 онд шинэчлэгдсэн. Шинэчлэл хийхдээ зарим өгөөжтэй зүйлсээ гээжээ.

Тухайлбал, Бага ангид унших бичгийн хичээл орохоо больсон юм. Уг нь дөнгөж уншиж бичиж сурч буй хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй хичээл. Гэтэл өдгөө сургалтад хэрэглэгдэж байгаа "Монгол хэл"-ний сурах бичиг энэ үүргээ төдийлөн сайн биелүүлж чадахгүй байгаа юм.

Тодруулбал, 2005 оноос унших бичиг, монгол хэлний сурах бичгүүдийг нэгтгэсэн байдлаар хэвлэж сургалтад ашигласаар иржээ. Өөрөөp хэлбэл, монгол хэлний сурах бичигт, унших бичгийн хичээлийн сэдвүүд багтсан байсан гэсэн үг. Үүнээс өмнө "Цагаан толгой" номоор нэгдүгээр ангийнхан үсгээ үзэж, нүдэлж, үеэр уншиж ирсэн. Мөн монгол хэлнийхээ яруу сайхныг хүүхдүүдэд таниулан мэдүүлэх "эх"-үүдийг номонд багтаадаг байв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Нийтийн тээврийн "богино бус эргэлтийг өөрчилж өгнө үү" С.Батболд дарга аа!!!

Сонгуулийн дараа дээр дооргүй халаа, сэлгээ болдог жамтай. Өнөө жил ч жам ёсоороо ширээ, сандлын халаа сэлгээгээ хийж хөдөлгөөнд орж дуусах шатанд орж байгаа билээ. Зарим нэг нь ажлаа авсан өдрөөсөө эхлэн өмнө сайдын болон дарга нарынхаа хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, ажлыг үгүйсгэж бүүр хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэр гаргаад байгаа.

Тэгвэл хотын дарга С.Батболд дарга аа Э.Бат-үүл даргын үед батлагдсан "Нийтийн тээврийн маршрутыг өөрчилж өгөхийг шаардаж байна".

Нийтийн тээврийг богино эргэлттэй болгосон гэж буй ч үнэн хэрэгтээ урт эргэлтээрээ хэвээрээ. Тодруулбал, 5 шар-Офицеруудын ордон, ХМК- Офицеруудын ордон чиглэлд угсраа автобус, монгол инженерүүдийн бүтээсэн автобуснууд үйлчилж байгаа. Гэхдээ бусад чиглэлд энэ чиглэл шиг айхтар чихэлдэж хүн хүнээ дарж амийг нь хороочих гэсэн байдалтай явдаггүй юм.

Энэ долоо хоногоос эхэлж оюутнууд хичээлдээ орохоор орон нутгаас ирж хөл хөдөлгөөн ихэсэж байна. Гэтэл нөгөө автобусны тулаан нь хэдийнээ эхэлчихлээ. Өглөө, оройдоо автобусандаа багтахгүй, чихэлдсэн байдалдаа Нийслэлчүүд шилжлээ.

Дээр дурдсан чиглэл хотын төвөөр замын хөдөлгөөн оролцдог болохоор зорчигч олонтой. Энэ чиглэлрийн нийтийн тээвэр нь 5 шарын эцсээс гараад бүхий л буудал дээр зогсож зорчигчоо суулгадаг. Ингэж явсаар цамбагарав, саппоро, гуравдугаар эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, андуудын буудал дээрх зорчигчдоо багтааж чаддаггүй.

Үүнээсээ болж дундын буудалд амьдарч буй иргэд хохирсоор өвөл, хавар, намрыг үдлээ. 9 сарын 1-нээс эхэлж автобусны араас гүйдэг ажилтай болно. Хүүхэд, хөгшид, жирэмсэн хүмүүс бол нийтийн тээврээр зорчих эрхээ бүрэн хаалгаж хэдэн цагаар багтаж суучих автобус хүлээнэ. Өвлийн дэн хүйтнээр энэ байдалд ч арилдаггүй. Гадаа хүйтэн тул улам л автобусанд суух хүмүүс нэмэгддэг. Тэр чинээгээр жолооч нар зорчигч багтахгүй байна хэмээн хүмүүсээ суулгадаг. Зарим автобусны хаалга нь эвдэрдэг. Тухайлбал, Иргэдийг тухтай, тохилог автобусаар үйлчилнэ гэж нэвтрүүлсэн "Угсраа автобус"-ын орж, гарах хаалга нь олон. Хүн ихтэй болоод ирэхээр зарим хаалга нь ажиллахгүй болдог. Иргэд ажиллаж буй хаалга руу нь дөхөх гэж чихэлдэж бие биетэйгээ зөрөх гэж хэрүүлийн алим булаацалдаж арайхийж хаалгандаа дөхөж очихоор жолооч хаалга хаагаад давхиж одно.

Угсраа автобус нь 120 хүний суудалтай ч пиг дүүрэн хүнтэй явдаг. Агааржуулалт муу тул хүн зөрөх зайгүй болсон үед муужирч унах асуудал энүхэнд. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед иргэд аль болох дамжин суухгүй явахыг хүсдэг. Үүнийг нь хөнгөвчлөх гэж дамжин суултыг үнэгүй болгосон зарим чиглэлд суух автобусаа хүлээсээр дамжин суух эрхээ эдэлж чаддаггүй. Мөн монгол инженерүүдийн бүтээсэн эко автобус зай муутай болохоор хоёр, гурван буудлыг зорчигч суугаад дүүрчихдэг. Манай монголчууд гадных шиг хоосон шахуу автобусанд суух гэж хямсагнадаггүй улс. Ажил, төрлөөсөө хоцорч цалин мөнгөө хасуулчихгүй нь тулд аль л хүн зогсоод явчих зай харагдана тийшээгээ чихээд л суучихдаг хээгүй хүмүүс. Гэхдээ чихэлдээд сурсан гээд амьсгал авахын аргагүй автобусаар зорчоод баймааргүй байна. Өвлийн хүйтнээс өмнө энэхүү автобусны чиглэлийг эргэн хармаар байна С.Батболд дарга аа!!!

 

Нийгэм: Улсыг хэдэн тэрбумаар “цөлмөсөн” Нийгмийн даатгалынхны хэрэг шийдэгдэлгүй хаагдлаа

 

Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж байсан. Уг хэрэгт нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын ажилтнууд хамааралтай байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь авсаар байжээ. Хохирлын хэмжээ нэг биш нилээн хэдэн тэрбумаар яригдаж байгаа. Харин энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа хаагдсан байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман: Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон.

Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаажээ. Тэгээд ч энэ хэргийг нэр бүхий эрхмүүд цээжээрээ хааж, хуулийн цоорхой ашиглан “уснаас хуурай” гарсан. Дарга цэргээрээ хуйвалдан улсаас хэдэн тэрбум төгрөг идсэн нөхдүүд эрх чөлөөтэй алхсаар байна.

 

Эдийн засаг: Мөнгөний бодлогыг улстөржүүлж болохгүй гэдгийг Н.Баяртсайхан захирал та мэдэх үү?

Монголбанк шинэ удирдлагатай болоод удаагүй байгаа энэ үед Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Энэ бол яах аргагүй анхаарал татсан шийдвэр гэдгийг хэлэх хэрэгтэй. Өмнө нь бол бодлогын хүүг бууруулсан шийдвэрүүдийг гаргаж ирсэн байгаа. Монголбанк энэ он гарсаар бодлогын хүүг 2 удаа бууруулах шийдвэр гаргасан. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар хэлэхдээ “Мөнгөний бодлогын хүү бууруулсан шийдвэрүүд нь оны сүүлийн хагаст бодит эдийн засгийн идэвхжилийг тэтгэх үүрэгтэй байх юм. Төсвийн тодотголоор сангийн бодлогын тохиргоо хийж чадвал бодлогын хүүний энэ нөлөө илүү сайн үр дүнтэй байх болно.Төсвийн зарлагыг бууруулах нь хувийн хэвшлийн зээлийн эх үүсвэрийг чөлөөлж өгөхөөс гадна төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж валютын ханш сулрах дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой бодлогын тохиргоо болоод байна. Мөнгөний бодлогын шийдвэр өөрөө ирээдүйд аажуу нөлөөлдөг бол сангийн бодлогын өөрчлөлт түргэн хугацаанд нөлөө үзүүлэх чадвартай байдаг.” хэмээн хэлж байсан. Тэгэхээр эндээс харахад төсөв мөнгөний бодлогын зөв уялдаа шаардлагатай харагдаж байгаа.

 

Гэтэл төв банкинд Н.Баяртсайхан захирлаар очингуутаа тэс эсрэг алхам хийлээ. Захирлуудын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсанаар бол “Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа.

Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална.” гэжээ.

Тэгэхээр энэ мэдэгдлээс харахад бол Монголбанк нэг талаас хэт яарсан алхам хийж байгаа харагдаж байна. Бодлогын хүүний энэ өсөлтийг дагаад мэдээж зээлийн хүү нэмэгдэж таарна. Дагаад үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж таарна. Эдийн засаг хумигдах эрсдэлтэй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Шинэ удирдлага Н.Баяртсайханд хандаж хэлэхэд мөнгөний бодлогоор хаа хамаагүй наадаж болохгүй эд шүү. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам чухал байгаа ч, ийм маягийн ширүүн алхмууд бол эдийн засагт эргээд сөрөг нөлөөлөл дагуулах магадлал өндөр шүү дээ.

 

Спорт: Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа эх орондоо ирлээ

Бразилийн Рио Де Жанейро хотод үргэлжилж буй зуны олимпийн наадмаас Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл тэмцээнээ өндөрлүүлсэн жүдогийн тамирчид өчигдөр өглөө 06.00 цагт эх орондоо ирлээ.

Энэ үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр Монголчуудын бахархал олимпийн мөнгөн медальт Д.Сумъяаг гэр бүл, төрөл садан, Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлага, хамт олон, Увс аймгийн нутгийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд тосч авсан юм.

Нисэх буудалд Д.Сумъяаг тосохоор очсон гэр бүл, албаны хүмүүсээс гадна нислэгээ хүлээж буй болон энгийн иргэд олноор очсон байв. Түүнийг Монголчууд угтан авлаа. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа “Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Сэтгэл тайван сайхан болчихлоо. Энэ амжилтыг гаргахад бүхий л талаар дэмжиж тусалсан хүмүүст баярлалаа гэж хэлье. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, Хил хамгаалах байгууллага, Жүдо бөхийн холбоо, Монголын үндэсний олимпийн хороо гээд баярлалаа гэж хэлэх хүн маш олон байна. Нийт хилчидтэйгээ баяраа хуваалцмаар байна. Үнэхээр сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.