"Баясгалантай сайхан” бие даасан тоглолтоо хийх гэж буй Дуучин А.Түмэн-Өлзийтэй ярилцлаа. Уртын дуучин бүсгүй “Хайр ирнэ”, “Сэмрэхүйн дуу”, “Ээжийгээ санах” зэрэг дуунуудаараа хэдийнээ олны танил болсон билээ.

-Тоглолтоо хийх гээд завгүй байгаа. Бэлтгэл ажил хэр явагдаж байна?

-Тоглолтын бэлтгэл гээд л ажил ихтэй явна. Гэхдээ одоо тайзан дээр дуулах үлдсэн. Бусад ажлууд бэлэн болсон дууны бэлтгэлээ өдөрт гурван цаг хийж байгаа.

-Тоглолтын нэр их өвөрмөц санагдсан?

 -Бид нар хоорондоо ярилцаж байгаад нэрийг өгсөн.  Гол утга учир нь бүх зүйл сайхан байгаасай. Миний тоглолтыг ирж үзсэн хүмүүс сайхан сэтгэгдэлтэй гараасай, бүх зүйл нь сайхан байгаасай, хүн тоглолтноос сайхан уур амьсгалтай инээгээд гараасай л гэж бодон "Баясгалантай сайхан" гэж  нэрлэсэн байгаа.

-Тэгэлгүй яахав урлагийн хүмүүс уран бүтээлийнхээ нэрийг өгөхдөө их нандигнаж өгдөг. Бас хүний нэрийг өгөхдөө монголчууд их бэлэгшээж нэрлэдэг. Таны нэрийг хэн  хайрласан юм?

-Миний  нэрийг  ээжийн маань дүү надаа хайрлаж байсан.

- Ямар утга учиртай нэр вэ?

-Мэдээж хээ чинь урт удаан үргэлжлэх өлзий хээг та нар ингээд  харахад  орооцолдсон, үргэлжилсэн, хэзээ ч төгсөшгүй тийм үргэлжилсэн хээ байдаг шүү дээ. Түмэн-Өлзий гэдэг хүний бүх зүйл урт удаан үргэлжилээсэй л гэсэн утгатай нэр юм.

-Та ард түмэнд дуучин хүн гэдэг талаасаа танил болсон. Хувь хүн талаасаа бусдад өөрийгөө танилцуулбал?

-Хувь хүн талаасаа мэдээж урлагийн хүн учраас чөлөөтэй хүн болгонтой нийтэч хүнийг ялгаж харьцахгүй адил  тэгш харьцахыг хүсдэг. Мөн шударга, хүн чанарыг л эрхэмлэдэг хүн.

- Удам дамжсан урлагийн гэр бүл их бий. Танай удамд урлагийн хүн байсан уу?

-Манай удамд бол урлагийн хүн байхгүй. Ээж, аавын үед улаан булан гэж байсан тэнд ээж маань залуу байхдаа дуулдаг байсан. Тэр үеийн хүмүүс улаан буланд очиж янз бүрийн хөгжим тоглож, дуулдаг байсан гэсэн.

-Таны  бага насны дурсамж?

-Миний бага нас тийм ч их бусад айлын хүүхдүүд шиг сайхан өнгөрөөгүй гэж боддог. Багаасаа их зовлон үзсэн болохоор хатуужилтай биеэ даасан хүүхэд болж өссөн. Мэдээж сайхан дурсамтай үе бол байлгүй яахав. Ерөнхийдөө урлагтай л их холбоотой багаасаа дуугаа дуулж эхэлсэн. Хөгжим бүжгийн коллежийг тавдугаар ангиасаа ёочин хөгжмийн ангид долоон жил суралцаж төгссөн.

-Та өөрийнхөө хоолойны цар хүрээг ноттой зүйрлэвэл?

-За тэгээд ноттой зүйрлэнэ гэж нэг их том яриад хэрэггүй байх. Би өөрийнхөө хоолойны өнгө аяс, уран нугалааг өөрийнхөө өлзий хээтэй л зүйрлэе гэж бодож байна.

-Маш сайхан зүйрлэл байна. Мэргэжлийн дуучин хүн болгон л би тэр дууг дуулчих юмсан гэж боддог. Харин таны хувьд?

-Мэдээж дуулаад үзье гэсэн дуунуудаа эхнээс нь дуулаад явж л байна даа. Уртын дуугаа дэлхийн тайзан дээр гарч дуулахыг хүсч бодож явдаг.

-Та өөрийнхөө амжилтыг аль шатандаа явж байна гэж боддог вэ?

-Тодорхой хэмжээнд өөрийгөө тоглолтоо хийх хэмжээний уран бүтээлч гэж ойлгож байгаа. Одооны үед бол нэг дуу дуулаад л шууд  тоглолтоо хийдэг болчихож. Тоглолт хийнэ гэдэг маань асар том хариуцлага, нэр хүнд  ард нь явагдаж байдаг гэж би боддог. Үеийнхэн маань тоглолтоо бүгд хийчихсэн байна би ганцаараа үлдсэн гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Яагаад өдийг хүртэл тоглолтоо хийхгүй байна вэ, тоглолтоо хэзээ хийх юм гэж олон хүн надаас асуудаг. Миний дотор өөрийн гэсэн бодол бий. Олон сайхан уран бүтээлийг хүнд хүргэж байж хүний чихэнд биш зүрхэнд нь хүргэснийхээ дараа үнэхээр тоглолтоо хийх цаг нь болжээ гэж бодох хүртлээ уран бүтээлээ хийж байгаад тоглолтоо хийнэ гэсэн зорилт тавьсан. Тиймээс уран бүтээлийн тоглолтоо хийх хэмжээнд хүрсэн дуучин гэж өөрийгөө дүгнэсэн учраас 11-нд тоглолтоо хийхээр төлөвлөсөн юм.

-Яагаад 10-р сарын 11-ний өдрийг сонгосон юм. Тоглолтын өдөр чухал байдаг уу?

-За өдөр маш чухал байдаг. Би өөрөө их шүтлэгтэй, лам багштай хүн л дээ.  Мэдээж уран бүтээлч хүн сайхан өдрийг сонгох ёстой нэгдүгээрт өдөр судрыг харуулж байж сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт ямар өдөр манай монголын үзэгчид ажлаа зохицуулж, тоглолт үзэх боломжтой вэ гэдэг дээр анхаарч үздэг. Тэгээд манай лам багш энэ сарын 11-ний өдөр миний охинд ээлтэй мөртлөө олон сайхан үзэгчид цуглан шуугисан өдөр байх нээ гэсэн. Тийм учраас би багшийнхаа хэлсэн энэ өдрийг шууд сонгосон.

-Би танай удамд бөө бий гэж сонсож байсан юм байна. Энэ талаар?

-Манай удамд бөө байдаг. Хүмүүс бөө гэхээр буруугаар хүлээж авдаг л даа. Тэр буруугаар хүлээж авах зүйлийг  монголчууд маань өөрсдөө бий болгочихсон. Яагаад гэхлээр мөнгөнөөс болж, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихож. Одоо манай нийгэм шударга бус болчихсон нийгэмд амьдарч байна. Тийм учраас бөөг хүмүүс их үгүйгэдэг мөнгөний төлөөх бөө байгаад байгаа учраас бас аргагүй байх хүнд итгэхгүй байх нь зөв зүйтэй ч юм шиг. Манай удамд бөө байгаа бөөгийн шашин бий болчихсон учраас би өөрөө хүндэлдэг, шүтдэг. Ямар ч шашинг би буруутгадаггүй. Бүх шашин эцсийнхээ оргилд нэг л зүйлийнхээ төлөө зорьдог гэхдээ урсгал урсгалынх л байдаг. Тийм учраас бөөгийн шашинг шүтэж, биширч  явдаг.

-Түмэн-Өлзий гэдэг эмэгтэй хэзээ хүнтэй ханилан сууя гэсэн бодолтой байна. Хайрын тухай таны бодол?

-Мэдээж хайр гэдэг хамгийн гоё, нандин зүйл. Маш их хайрлаж, гамнаж байх ёстой. Тиймээс насан туршийн ханиа сонгох сонголтыг яаран хийхийг хүсдэггүй. Одоо болтол  яагаад хүнтэй суудаггүй юм бэ бас аав, ээж маань хүнтэй гэрлээч ээ ач, зээгээ хармаар байна гэдэг. Өнөөдрийн хувьд миний хийж бүтээх зүйл асар их байна энэ зүйлдээ бага ч гэсэн хүрч байгаа болохоор амьдралынхаа ханийг сонгох зав чөлөө гаргахгүй л явна. Урлагийн хүн амьдралынхаа ханийг сайн зөв сонгох хэрэгтэй. Одоо салалтууд их болж, хурим ч их бий болсон байна. Бие биенээ сонгохдоо буруу сонголт хийсэн, таньж мэдээгүй байхдаа суусан сайхан хосууд маань үр хүүхдээ өнчрүүлж, салж байгаа юм болов уу гэж би боддог. Үүнийг хараад дотроо их эмзэглэж явдаг. Хоёр биенээ таньж мэдэх цаг хугацааг бий болгож биенээ хүндэлдэг байгаасай гэж хэлмээр санагддаг юм. Миний хувьд бол  хүнтэй сууж, хүүхэд төрүүлэх нь амьдралын байх ёстой жам ёс. Тиймээс мэдээж сайхан ханьтай болох байх гэж бодож явдаг. Сайхан ханьтай болсоныхоо дараа хэдэн ч хүүхэд төрүүлж болно. Эхлээд амжилтанд хүрчихээд тодорхой хэмжээний зорилтонд хүрсний дараа амьдрал зохиогоод явбал сэтгэл их хангалуун явах болно. Тэрнээс биш юу ч хийж бүтээж чадахгүй, таван цаасаа олох эх үүсвэргүй байж гэр бүл зохион гэдэг утгагүй санагддаг. Түүнээс биш үерхэл нөхөрлөл бол байлгүй яахав.

-Амьдралын ханиа сонгоно гэдэг маш чухал асуудал л даа. Таньд мэдээж хүүхэд насны гэнэн үерхэл байсан байх?

-Гэнэн үерхэл бол арван жилд байдаг. Жоохон юугаа ч мэдэхгүй. Бие биенийгээ гэгээхэн хайраар хайрладаг. Тийм сайхан үе чинь  л хэзээ мартдаггүй, сайхан дурсамжтай байдаг шүү дээ. Хайрын захиа авч авдаг л байлаа. Хөөрхөн бандитай хөтлөлдөж гүйгээл гэртээ хүргүүлээд л нууцаар чихэр авна. Арван жилийн энэ үерхэл хүн болгонд байдаг.

-Та ямар хүнийг боловсролтой хүн гэж боддог вэ?

-Боловсрол гэдэг соёлтой зайлшгүй холбоотой. Боловсролтой хүн бол соёлтой хүнийг хэлнэ л дээ. Боловсрол гэдэг чинь яалт ч үгүй юм үзэж нүд тайлсан, олон хүнтэй харьцдаг тийм хүнийг хэлэх байх. Ер нь бол миний хувьд уран бүтээлч бид бүхэн бүгдээрээ дуучин гэдэг нэрийг зүүж яваа маань боловсрол эзэмшсэний үндсэн дээрээс дууг дуулж байна, тийм үү. Бас мэргэжлийн дуучин хүний хувьд дуулж буй дуу хийж байгаа уран бүтээл нь өөрийн сэтгэл зүрхнээс гарч, ундарч байдаг. Энэ уран бүтээл хүнд хүрэхдээ дөхөм юм уу. Чихэнд нь сонсогдохдоо сайхан байдаг гэж боддог. Хүнд зайлшгүй боловсрол чухал. Боловсролгүй бол талхныхаа мөнгийг олж чадахгүй. Тийм болохоор манай монголчууд мэдлэг, боловсролоо маш сайхан анхаарч, асар их хөдөлмөрч болсон. Хэзээ ч буруу талаар нь монгол хүмүүсээ муулах юм уу ийм байдаг гэж шүүмжлэх эрх надад байдаггүй. Манай монголын бүсгүйчүүдэд амьдралаа авч явах хатан ухаан илүү бий. Бүхий л зүйлийг өөрийнхөө нуруун дээр авч явдаг. Асуудлыг зөвөөр шийдэх чадвартай. Тийм болохоор би эмэгтэй хүний хувьд эмэгтэйчүүдээ илүү магтах дуртай. Эрчүүдэдээ хандаж хэлэхэд эмэгтэйчүүдээ хүндэлж, хайрладаг байгаасаа л гэж хэлэхийг хүсдэг.

-Таньд ямар зан төлөвтэй эр хүн  таалагддаг вэ. Эр хүн  гэдэг чинь айл гэрийн ноён нуруу болж явдаг шүү дээ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Өөрөө урлагийн хүн болоод ч тэр юм уу. Эмэгтэй хүнийг маш сайн ойлгодог, хүндэлдэг тийм л гүндүүгүй монгол эр хүнийг хайрладаг, хүндэлдэг. Тэрнээс биш баян, сайхан царай зүстэй, биеийн өндөр нь тийм байх ёстой гэсэн зүйл надад хэрэггүй санагддаг. Хамгийн гол нь хүн өөрөө ухаантай, мэдлэг боловсролтой байхын бол бусад зүйлийг бий болгоход амархан. Тэрийг зүгээр бий болгодог болохоос биш шууд хүн өөрөө баян төрөхгүй нь тодорхой шүү дээ. Хүн өөрөө хүн чанартай байж, суурь хүмүүжил төдийгүй боловсрол  нь мундаг байж тэр хүн бусад хүмүүсийг хайрладаг, хүндэлдэг байх гэж би боддог. Өнгө, мөнгө харсан тийм зүйлд дургүй. Өөрөө жоохон ч гэсэн хүн чанар үнэртүүлэхийг бодоод байдаг болохоор л ингэж боддог юм. Хүн болгон өөр өөрсдийнхөөрөө боддог байх энэ бол хувь хүний л бодол.

-Хүн чанар өөрөө ямар утгатай үг минь бол таны бодлоор?

-Хүн чанар гэдэг чинь нэг үгээр тайлбарлавал чи бид хоёр ярилцаад сууж байна энэ хугацаандаа намайг чи ёстой мундаг, сайхан гээд магтаж байгаад гараад явна. Харин гараад явсныхаа дараа шууд эсрэгээр нь муулаад явдаг хүмүүс байна ш дээ. Тэр хүн амьдрал дээр хүн чанартай хүн мөн үү захын жишээ гэхэд энэ. Хүнд хэзээ ч муу санадаггүй хүнийг л хүн чанартай хүн гэж би боддог. Тэгэхдээ бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа хүмүүс учраас яаж хүнтэй харьцаж, яаж бодох нь тухайн хүний эрхийн асуудал боловч цаана нь ухаад үзвэл тухайн хүндээ хүн чанар л байдаг юм.

-Цахим сэтгүүл зүй хөгжиж буй өнөө үед мэдээллийн доор сэтгэгдэл бичдэг. Энэ сэтгэгдлийг та уншдаг уу. Яаж хүлээж авдаг вэ?

-Миний талаар бичсэн мэдээлэл уншиж байгаад нэг сэтгэгдлийн харсан чинь миний аав, ээж хоёрыг их доромжилсон байсан. Намайг бол юу ч гэж, яаж ч хэлж болно. Гэхдээ би тэр хэлж байгаа шиг нь хүн болохгүй. Харин би улам гялалзаж, амжилт гаргаж амьдрах учраас  тэрэнд юу ч хэлэхгүй. Гэхдээ эцэг эхийн минь тэгж хэлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний аав, ээж хэнд ч буруу санаагүй, өөрсдийнхөө амьдралыг бий болгоод явж байгаа жирийн нэгэн монгол гэр бүлүүдийн нэг. Тэр сэтгэгдлийг яагаад ингэж бичсэн юм бол гэж бодож байсан. Түүнийг уншаад их гомдосон. Ул үндэстэй зүйл яриасай. Би хүн талаасаа энэ талаар бодоход хэн нэгнийг шүүмжлэгч биш тийм учраас цөөхөн монголчууд маань бие биенээ хүндлээсэй л хүсч байгаа. Тэрнээс биш тэр хүмүүсийн хэлж байгаа шиг тийм хүн биш болохоор нэг их тоодоггүй. Гэхдээ надад дандаа гарч байгаа бүх мэдээллийн сэтгэгдлийг уншаад суух зав байдаггүй унших ч шаардлагагүй гол нь миний аав, ээж рүү минь муу муухайгаар дайрахыг хүлээн зөвшөөрөхгүй.

-Өөрөө урлагийн залуу хүн. Залуучуудадаа хандаж хэлэх үг?

-Залуу хүн завтай байна гэдэг хамгийн аймшигтай зүйл. Өөрийнхөө хийж чадах бүх зүйлийг байнга эрэлхийж хийж, бүтээхийн төлөө хөдөлмөрлөдөг байгаарай. Би өөрөө маш завгүй байхыг хүсдэг хүн учраас залуучуудадаа дандаа завгүй цаг нартай уралдаж ажиллаасай гэж уриалмаар байна. Манай залуучуудын нүднээс бүгдээрээ ирээдүйнхээ төлөө эрмэлзэлтэй явж буй нь их харагддаг. Тийм болохоор монголын залуучууд бүгд мундаг.

-Түмэн-Өлзий дуучны анхны бие даасан тоглолтоо хийсний дараах таван жил ямар байх бол?

-Тоглолтын дараагийн таван жил гэх юм бол мэдээж одооны байгаагаасаа шал өөр амжилтанд хүрсэн байх болно. Яагаад гэвэл цаг наргүй ажиллахыг хүсдэг. Хүн хөдөлмөрлөөд байхад амжилтанд хүрнэ үү гэхээс биш гундахгүй. Амьдрал, уран бүтээлээ сэтгэл хангалуун дуучин Түмэн-Өлзий байх болно. Магадгүй тэр үед би дэлхийд бас өөрийн уран бүтээлээ дуулаад явж байх ч үе байж болно үүнийг бол таашгүй. Гэхдээ хүн сайн зүйл бодоод байвал сайн сайхан л зүйл ирнэ. Би аливаа зүйлийг сайн сайхнаар хардаг.

-Тоглолтын бэлтгэл гээд завгүй цагаасаа хуваалцан ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд нь амжилт хүсье.

-За баярлалаа. Тоглолт минь болоход минь хэдхэн хоног үлдсэн байна. Би эхэндээ  айж байсан л даа. Энэ нь шантрамтгай зангийн минь нэг илрэл байж магадгүй юм. Яагаад гэхээр хариуцлагатай үзэгчид, сонсогчдодоо хүндэлж байгаагийн илрэл юм болов уу гэж дараа нь дотроо бодсон. Миний тоглолтыг хэр их хүн ирж үзэх бол оо, билет яаж зарагдах бол гэж их айж байсан аа нуух юу байхав. Тийм ч учраас тоглолтынхоо бүх зүйлд нь өөрөө гүйсэн хариуцлагатай хандсан. Тэгээд тоглолтын талаарх мэдээлэл цацагдаад эхлэхэд үнэхээр миний дууг сонсох дуртай монгол хүмүүс маш их байдаг юм байна гэдгийг олж харсан. Тийм зүйлээс их гоё урмыг аваад тоглолтын бэлтгэл ажилдаа орсон одоо 11-ний орой тоглолтонд ирсэн үзэгчдийнхээ уур амьсгалыг "Баясгалантай сайхан" сэтгэгдэлтэй гаргаж чадна гэдэгтэй итгэлтэй байна. Дуунд дуртай ард түмнээ урьж байна.

                                                                                                                                                          Ярилцсан: Х.Даваанаа