С.САРУУЛ

“Рио-2016” олимпийн наадмын медалийн буухиаг үргэлжлүүлж эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Олимпийн хүрэл медаль хүртсэн Азийн АШТ, Азийн наадмын аварга Д.Отгондалай өнөөдөр /2016.08.26/ 06.00 цагт эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гэр бүл, хамаатан садан, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ч.Сайнтөр болон хил хамгаалах байгууллагын хамт олон, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Боксын холбооныхон тосч авсан юм.

Энэ үеэр Д.Отгондалайгийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр “Эх орондоо ирээд маш их баяртай байна. Ойр дотны олон хүн тосч сэтгэл их хөдөлж байна. Олимпийн дэвжээнд анх удаа тулалдаад хүрэл медаль хүртлээ. Өмнө нь тоглож байсан тамирчидтай таарч, ялагдаж байсан тамирчнаа яллаа. Тэмцээн маань наймдугаар сарын 16-нд дууссан. Түүнээс хойш эх орондоо ирэхийг маш их хүлээлээ. Маш их яарлаа. Тоглож гарч ирээд ялагдсан мэдээг сонсоод хэцүү байсан. Залуу байгаа учраас дараагийнхаа тэмцээнд амжилт гаргахыг хүсч байна. Хожигдлыг тэр дор нь мартсан. Ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ базааж хичээх болно. Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин спорт хороо, Апу компани, бэлтгэл цуг хийдэг найзууд, дүү нар, үе үеийн мундаг багш нартаа маш их баярлалаа” гэсэн юм.

Хадам эмээ Г.Сувдаа: Хүүгээ тоглохыг үзээд уйлсан

Ач хүүгээ нэр хүндтэй том тэмцээнээс медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байгаад маш их баярлаж байна. Ээж нь аймагтаа эмнэлэгт хэвтэж байгаа учраас ээжийг нь орлож Дорнод аймгаас зорьж ирлээ. Хүүгээ тоглохыг хараад уйлаад сууж байсан. Хүүдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Эхнэр Г.Хулан: Ханиа ямар ч үед нь үргэлж дэмждэг

Сэтгэгдэл өндөр байна. Ханиараа маш их бахархаж байна. Олон жил шаргуу, хамаг хүчээ дайчлан хөдөлмөрлөсний үр дүнд оргилоос нь медаль авч чадлаа. Ханиа тосохоор охинтойгоо хамт ирлээ. Тамирчин хүний гэр бүл бүгдээрээ л дэмждэг байх. Тэдний л нэгэн адил ханиа ямар ч үед нь үргэлж дэмждэг. Би гэлтгүй манай гэр бүл, хамаатан садан найз нөхөд, Монголын ард түмэн дэмжлээ. Тэмцээндээ оролцож байхад утсаар байнга ярьж аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээсэн.

Д.Батсүрэн: Олимпийн медалийн буухиаг таслаагүйдээ баяртай байна

/ Боксын ОУХМ, Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

Д.Отгондалай бол хөдөлмөрч, хүчтэй дайчин тамирчин. Олимпийнхоо медалийн буухиаг таслаагүйдээ баяртай байна. 2013 онд Алматагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд булхайтай шийдвэрээр Д.Отгондалайг ялагдуулж байсан.Булхайтай шүүснийг нь олимпийн дэвжээн дээр гэрчилж дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ харууллаа. Алжирийн боксчинтой тактикаа биелүүлж дайчин сайхан өрсөлдсөн. Мөн манай шүүгч Х.Хас-Эрдэнэ өөрийнхөө бүх чадлаар сайн ажиллалаа. Бид хамтын хүчээр энэ амжилтыг авчирлаа.

Эх сурвалж: www.polit.mn