Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хэлэлцэх эсэх тухай байв.

УИХ Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр, Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Харин шинээр батлагдсан дээрх хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулиудын хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Дээрх асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа. Үүнийгээ хууль, эрх зүйн хувьд ухралт хийлээ гэдгийг АН-ын бүлгээс тайлбарлаж байгаа.

Завсрлага нь ажлын таван өдөр байдаг. Тэгэхээр энэ асуудлыг ирэх долоо хонгоос хэлэлцэх юм.