Х.Баттулга ирлээ. Риогоос тамирчдаа аваад ирэхтэй зэрэгцэн улс төр дэх түүнийг тойрсон дуулиан шуугиан ч хамт эргэн ирж байна.

Сонгуулийн өмнө, ерөөс сүүлийн жил гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүнийг тойрон хүрээлэгчдийн холбогдсон төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн парк, Шинэ Яармаг орон сууцны хорооллын төсөл зэрэг тоогүй их ам.доллартай төслийн хэргүүд түмний чихийг харин ч нэг дэлдийлгэх болсон доо. Гишүүн асны цүнхийг барьж гүйсээр том тоотой хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн босс болж томроод, эцэс сүүлд нь өнөөх их мөнгөндөө ороогдож харийн нутагт баларч ч юм уу эсхүл “харлаж” яваа залуусын тоо нэг биш болсон.
Сонгуулиар АН хүнд ялагдал хүлээж, МАН Засгийн газраа байгуулж эхэлсэн, АСЕМ, наадам, олимп шил дараалан олны анхаарлыг соронздож төмөр зам, Женко гэж дуугарах хэвлэл ховордсон. Харин одоо л тэр үйл явдлын гол дүрд эргэн тоглох бололтой.
Сарын өмнө “Өнөөдөр” сонинд “Х.Баттулгыг өнгөрсөн хавар сэжигтнээр тооцоод байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбоотойгоор яллагдагчаар татах боломжгүй тул УИХ-ын сонгууль хүргэсэн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй болон прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоолыг энэ сарын 20-нд гаргаж, үүнийг нь танилцуулсан. Гэхдээ хилээр гарах эрхийг нь цуцлаагүй, олимпод оролцох жүдо бөхийн тамирчдаа аваад Бразилийг зорих эрхийг нээлттэй үлдээсэн. Тэгээд эх орондоо ирэхэд нь шалгалтаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдээлсэн. Тэгвэл саяхан олимпийн үеэр Прокурорын байгууллагаас энэ оны эхний долоон сард хийсэн ажил болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, улсын ерөнхий прокурорын туслах Э.Амарбат, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар мэдээлэл хийсэн. Үүндээ УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан гэх хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгааг мэдээлээд үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан, А.Гансүх нь эх орондоо байгаа, харин олимп явсан Х.Баттулгын хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан гэсэн юм.
Тэгвэл түр цуцлагдсан хориг удахгүй дахин хүчинтэй болж хуулийнхан ч ажлаа үргэлжлүүлэх нь тодорхой. Сонгуулийн өмнөх үеийг энэ цаг мөчтэй харьцуулбал тун өөр дүр зураг үүсчээ. Өнгөрсөн хавар Х.Баттулга нарыг хуулийн байгууллагынханд шалгагдаж, Баянгол зочид буудалд “бүслэгдэж”, ид бужигнуулж байхад АН-ын удирдлагууд, парламентад суудалтай гишүүд нь түүнийг тойрон хүрээлж байв. Тухайн үед түүний ард УИХ-ын дарга, эрх баригч хүчин АН-ын дарга З.Энхболд “Шонхор” фракцтайгаа асаалттай танк шиг зогсож байв. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “сөрөг хүчин”-ий үүргийг гүйцэтгэж байгаагаа эдийн засгийн форум зэрэг томоохон арга хэмжээнүүд дээр хүртэл нуулгүй зарлаж байв.
Чухамхүү АН-ын нусаа хацартаа наасан өдгөөгийн ялагдал ингэж л ирсэн. Төрийн гурван өндөрлөг нь Х.Баттулгатай тоглоом тоглож, төрөөрөө, хууль ёсоороо наадаж байсны гор гэх үү дээ.
Харин өнөөдөр хуулийн байгууллагынхан ажлаа үргэлжлүүлэхэд Их хурлын дарга нь МАН-ынх, Засгийн газар нь МАН-ынх, өнөөх тойрч гүйлдээд бүрэн эрхээрээ хамгаалаад байсан гишүүд бүгд гудамжинд лааз өшиглөсөн байдалтай, харин “Х.Баттулга Тавантолгойг авъя гэсэн” гэж шулуухан зарлаж, эрх ашгийг нь илчилсэн ардчилсан Ерөнхийлөгч нь л суудалдаа хэвээр түүнийг чимээгүйхэн ажиглана. УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээтэй хэрнээ намынхаа удирдлагыг гартаа авахын тулд жирийн гишүүдийнхээ хүсээд байгаа шинэчлэлийг уландаа гишгэж, өнөөх л бугширсан, хоцрогдмол фракцын сэтгэхүйгээрээ хоорондоо уралцаж байгаа АН-ынхан нийтлэлийн гол баатрыг өмгөөлж (МоАХ ч энэ нөхцөлд бүрэн хэмжээний зохион байгуулалтад нэгдэх нь эргэлзээтэй) хамгаалаад жагсаж, цуглаад байх нь мөн л эргэлзээтэй.
Дөнгөж саяхан дулаан суудалд тухалж асан тэдгээр эрхмүүд өөрсдийнх нь нэрийг бичиж, зургийг нь барьчихаад “АН муухай” гэж гудамжинд орилж байсан Х.Баттулгатангуудыг намрын сэрүүнд яаран гарч өмгөөлөх болов уу?.