МАН-ын Мэргэжлийн Засгийн газрын Эрүүл мэнд, спортын сайдаар А.Цогцэцэгийг 2016 оны долдугаар сарын 29-нд томилсон байдаг. Тэрээр өмнө нь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байв.

А.Цогцэцэг сайд томилогдсоноосоо 24 хоногийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 25-нд Тушаал хүчингүй болгох тухай А/17 дугаар бүхий тушаал гаргажээ.Уг тушаалаараа Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны зургадугаар сарын 22-ны өдрийн Эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тухай А/235, долдугаар сарын 4-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/263 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байна.

Тэгвэл А.Цогцэцэг сайдын хүчингүй болгосон энэ хоёр тушаалыг өмнөх сайд С.Ламбаа гаргаж байжээ. Тодруулбал, энэ оны зургадугаар сарын 22-нд С.Ламбаа сайд улсын төсвийн хөрөнгөөр Дархан-Уул аймагт хөлбөмбөгийн талбайн засварыг ажлыг гүйцэтгүүлэх 65 000 000 төгрөгийн ажлын гэрээ байгуулах, сунгах, цуцлах, хяналт тавих, санхүүжүүлэх эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад шилжүүлсэн байна. Дараагийнх нь болох С.Ламбаа сайдын долдугаар сарын 4-нд гаргасан А/263 дугаар тушаалд Эрүүл мэнд, спортын сайдын багцын гэнэтийн хүчин зүйлийн зардлаас Спортын төв ордны тохижилтын зардалд төсөвлөсөн 50 000 000 төгрөгийг зарцуулан ажлыг гүйцэтгүүлэх эрхийг Биеийн тамир, спортын хөгжлийн төвд шилжүүлсэн байв. Мөн уг тушаалаар Налайх дүүрэгт баригдаж буй олон улсын стандартын хөнгөн атлетикийн тартанан замыг суурилуулах ажлын үлдэгдэл санхүүжилт болох 200 000 000 төгрөгийг зарцуулан дээрх ажлыг гүйцэтгүүлэх эрхийг Налайх дүүргийн ЗДТГ-т шилжүүлээд байжээ.

Ийн Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг ажлаа аваад хорь гаруйхан хонохдоо ганцхан тушаалаар 315 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гурван гэрээний гүйцэтгэх эрхийг хүчингүй болгоодхов. Хамгийн хачирхалтай нь дээрх гурван ажлыг хэний ямар компаниар гүйцэтгүүлэх гэж байгаа нь тодорхой бус байгаа юм. Уг нь С.Ламбаа сайд эдгээрийг орон нутгийнх нь удирлагуудад шилжүүлсэн ажээ. Тэгэхээр улсын төсвийн 315 000 000 төгрөгийг хэнээр хэрхэн зарцуулуулахаар ийм тушаал гаргасныг А.Цогцэцэг сайдаас асууя.

Ард түмэн бүсээ чангалж, дээр дооргүй хэмнэлт ярьж эхэлсэн энэ үед ийм зэргийн мөнгө “хаачих” гэж байгааг олон нийт мэдэх эрхтэй билээ.