Орон орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрсдийн эрхийг хамгаалах үйлсэд нэгдмэл байдгаа харуулах зорилгоор 1958 онд Бухарест хотноо болсон олон улсын сэтгүүлчдийн байгууллагын IV их хурлаас Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдрийг (International Day of Journalists' Solidarity) бий болгожээ.

1943 оны есдүгээр сарын 8-нд Чехословакийн сэтгүүлч, фашизмыг эсэргүүцэгч, зохиолч Юлиус Фучикийг цаазалжээ. Тэр Прага хотын шоронд бичсэн “Хүзүүндээ оосортой бичсэн сурвалжлага” номоороо дэлхий нийтэд нэр алдартай болсон юм. Түүнийг цаазлуулсны дараа энэ номыг дэлхийн 70 хэлээр орчуулсан байна. Юлиус Фучикийн амь үрэгдсэн өдрийг 1958 оноос Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэх болжээ. 20-р зууны сүүлчээр НҮБ-ын ээлжит бага хурлаас энэ өдрийг Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож зарласан билээ.

Тийнхүү энэ өдөр зүгээр нэг мэргэжлийн баяр төдийгүй бүх сэтгүүлч өөрсдийгөө эв нэгдэлтэй байгааг мэдрэх өдөр болов.