Хүүхдийн инээд цангинасан хичээлийн шинэ жил эхэлжээ. Жил бүр тохиодог номын баярыг угтан хүүхдийн номын ордон болон “Номус ХХК” хамтран 800 гаруй номыг багтаасан апликэйшн есдүгээр сарын 16-нд 13:00 цагт “I cinema” кино театрт нээлтээ хийх нь ээ.

Энэхүү номын апликэйшнд улсын архивт багтсан алтан үеийн хуучны зохиол, сэргээх боломжгүй бүтээлүүдийг ч сэргээн багтаасан бөгөөд ахлах, дунд сургуулийн хүүхдүүдийн хичээлийн сургалтын материалууд болон оюутан сурагчдын гарын авлага багтсанаараа онцлогтой ажээ.

Эл апликэйшныг нэг сарын 3000 төгрөгийн төлбөр төлөөд ашиглах боломжтой бол нэг жилийн төлбөр нь 30 мянган төгрөг юм байна. Та бид хүүхдийнхээ сургалтын материалын төлбөрт хэдэн зуун мянган төгрөг төлөх цаг ард хоцорч 800 гаруй номыг 3000 төгрөгөөр л худалдаж авч өгч болох нь.

Номонд дурлагч, уншигчид маань “­­e-nom.mn” хаягаар зочилж өөрийн хүссэн номоо сонгон унших юм. Харин “Номус” компаний хамт олон Номын баярын хүрээнд 750 гаруй номын санч болон 2000 гаруй Монгол хэл уран зохиолын багш нарт өөрсдийн зүгээс бэлэг гардуулахаар зэхээд байгаа гэнэ.

Дэлхийн аль ч өнцөгөөс, ямар ч орноос бид өөрсдийн үндэсний бахархал болсон хэл соёлоо суралцан хөгжүүлэхийн зэрэгцээ, бидний өвөө эмээгийн үеийн гайхалтай зохиолыг анхны хувилбараар нь унших боломжтой болсон байна.