УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.

  Үүний дараа Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв.

  Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж нарыг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ. Мөн уг саналтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татахаар болсон аж.

  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлыг зөвшилцөөд Элчин сайдад нэр дэвшигчдийг зуун хувийн саналаар дэмжсэн байна.

  УИХ-ын гишүүд Элчин сайдад нэр дэвшигчдэд гадаад оронд байгаа монгол иргэддээ үйлчлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллахыг захисан. Мөн Монгол Улсаа сурталчлах, улсынхаа нэр хүндийг унагааж байгаа хил дамнасан хууль бус наймаанаас болгоомжлохыг анхааруулж байлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ.

   Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариуг сонсохын зэрэгцээ өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ