Үзэл бодлоо илэрхийлж, хошноор улс төрийнхнийг шүүмжилсэнийхээ төлөө “Танхай эмээ” твиттер ертөнцөөс арчигдлаа. Гэхдээ түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийнхүү үгүй хийж байгаа юм.

Твиттер хуудаснаа “Танхай эмээ” болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хооронд ширүүхэн “тулаан” өрнөөд авсан. Ямар сайндаа юунд ч эмзэглэдэггүй, тоодоггүй ерөнхий сайд маань эмээд хандан “Шүүмжилж болно. Доромжлол, гүтгэлгийг цаашид тэвчихгүй юм байна” хэмээн дургүйцлээ илэрхийлж байсан. Бие биерүүгээ ширүүхэн үг шидсэн энэхүү жиргээний дараагаас эхлэн Ерөнхий сайд Танхай эмээг олж илрүүлэх үүрэг даалгавар өгсөн тухай шуум газар авч, твиттер ертөнцөд нэлээдгүй таамаг, маргааныг үүсгээд байсан юм. Ямар ч байсан ерөнхий сайд хүссэндээ хүрч, өөрийг нь шүүмжилдэг твиттер ерөнцийн “Танхай эмээг”-ийн амийг хамхиад авлаа. Тагнуулын ерөнхий газрынхан сайн ажиллаж твиттер ертөнцийн хурц, хатуу үгт “Танхай эмээг” олж илрүүлэн сануулга өгсөн талаар хэвлэлээр нэгэнт бичигдээд эхэллээ.

 

Одоо цаашид Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн талаар хатуухан шүүмжлэл хэлвэл ТЕГ-т шалгагдах болох нь гэдгийг эндээс ойлгож авлаа. Урьд нь ерөнхий сайд ТЕГ-ын дарга нарыг миний өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй байна. Бараг л миний хэлснээр хөдлөхгүй байна гэж үглэж дуулаж, хоёр ч даргыг нь суудлаас нь түлхэн унагаж, хууль зөрчин байж, карманы хүнээ тавьж байсан удаатай. Харин түүний гарынх нь хүн удирдаж байгаа ТЕГ-ынхан ерөнхий сайдын харцаар хөдөлж, олоод ир, илрүүлээд авч ир гэсэн хүнийг нь секундын дотор илрүүлж, үг хэлэх эрх чөлөөг нь боогдуулж байна.

 

Уг нь бол ТЕГ үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газар. Харин хэн нэгнийг доромжилсон, шоглосон, шүүмжилсэн гэх годмлын мөрөөр ажиллаад байх газар биш шиг л санагдах юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Танхай эмээ”-д гомдолтой байсан бол шууд хадуурч ТЕГ гэхгүйгээр цагдаагийн байгууллагад хандаж, сануулга өгөх байсан юм биш үү. Яагаад заавал тагнуулынхан ерөнхий газар ерөнхий сайдын гомдлын мөрөөр ажиллах ёстой гэж.

 

Түүнчлэн хатуухан үгээр шүүмжилсэн хэн нэгэн хүнийг энэ янзаараа хуулийн байгууллагаар далайлган айлгаж, үг хэлэх, бичих, сэтгэх эрх чөлөөг нь боогдуулаад байвал Ардчилагчид гэж яриад ч юу хийх билээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлдгээр МУ-ын ерөнхий сайд нь микро зүйлсээр хөөцөлдөж, микро зүйл ярьж явна. Микро асуудлыг, макро байгууллагаар шалгуулж, микро байгууллагыг нь голж сэлж байх шиг. Тагнуулын ерөнхий газарт дэндүү их анхаарал хандуулж, тухайн байгууллагын үйл ажиллагаанд хэтэрхий ороод байсан нь ийм учиртай байсан юм гэж үү. Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан, дуртай газраараа гомдлоо шийдвэрлүүлж, хүмүүсийг айлгаж, үг хэлийг нь хааж боогдуулах нь ерөнхий сайдын зорилго гэж үү. Ямар ч хүн шүүмжлүүлэхгүйгээр ажиллана гэж байхгүй л байх. Уг нь бол хэн нэгэн хүнийг шог, хошиг өнгө аясаар шүүмжлэхэд хуулийн хариуцлага хүлээлгээд ч юм уу, эсвэл хүчний байгууллагын хүн илгээж, айлгаад байсан тохиолдолыг санахгүй л юм.

 

Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг твиттер ертөнцийн гашуун ч үнэн үгтэй, хурц шүүмжлэгч “танхай эмээ”-д сануулга өгснөөрөө коммунист сэтгэлгээтэй нэгэн гэдгээ батлав бололтой.

 

Н.Чинзориг