​Сонсголын бэрхшээл­тэй хүүхдийн тусгай 29 дүгээр дунд сургуулийн сурагч А сургуулийнхаа дотуур байрны хоёрдугаар давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 7-нд гарчээ.

Хүүгийн тухайд Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас ирж тус сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байсан аж. Уг хэргийг  тод­руу­лахаар тус сургуулийг зорин очсон юм. Энэхүү хэрэг гарсан өдөр жижүүр хийж бай­сан н.Батсайханаас тухайн өдөр болсон хэргийн талаар тодруулах гэсэн боловч “Би энэ талаар мэдээлэл өгөхгүй. Миний мэдэх хэрэг биш. Сургуу­лийн захиргаанаас асуу” гэв. Мөн уг хэрэгтэй хол­боо­тойгоор Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тус­гай 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханаас зарим зүй­лийг тодрууллаа.

 

Б.Батсайхан: ГЭМТЭЛ СОГОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙНХӨН ЗӨӨЛӨН ЭД НЬ ГЭМТСЭН ГЭСЭН

 

-Танай сургуулийн бага ангийн сурагч дотуур байрныхаа цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэргийн талаар та мэдээлэл өгнө үү?

-Хүүгийн тухайд хэрэг гарахын өмнө гэр, ээж, ааваа санаж байна гэдэг байсан. Үүнтэй хол­боотой  оргохыг хүртэл завдаж байсан юм. Мэдээж холоос ирээд удаагүй байгаа хүүхдэд бэрхшээлтэй асуудлууд байсан л байх. Дээрх асуудал гарах болгонд ээж нь хэд, хэдэн удаа сургуулийн захиргааныхантай ирж уулзаж бай­сан. Хэрэг гарсан өдөр хүүхдүүд хоолондоо орох гээд явахад нь талийгаач “Би унтлаа” гэж хэлчихээд өрөөндөө үлдсэн гэсэн. Тэгээд төд удалгүй унтаж байгаа гэсэн хүүхэд цонхноос унасан бололтой гадаа хогийн савны хажууханд сууж байсан гэсэн. Хүүг хэрэг гарсан өдөр амиа алдсан гэсэн ташаа мэдээлэл гарсан байсан. Тэр өдөртөө талийгаач зүгээр байж байсан шүү дээ.

-Хүүг цонхноос унах үед нь харсан хүн байгаагүй юм уу?

-Тэр өдөр жижүүр байсан ч мэдээгүй. Дотуур байрны нэг өрөөнд 4-5 хүүхэд байрладаг. Тэр үед хүүхдүүд ч байгаагүй. Хүүг цонхноос унасны дараа бид мэдсэн  даруйдаа сургуулийн эмчид үзүүл­сэн боловч хөл нь өвдөөд байна гэсэн учраас таван цагийн үед Гэмтэл согогийн үндэсний төв рүү авч явж үзүүлсэн байгаа. Харин гэмтлийн эмнэлгээс хөлийнх нь зөөлөн эд гэмтсэн байна гээд боолт хийж өгчихөөд л явуулчихсан байсан юм. Хүүгийн эгч нь оюутан. Нийслэлд байдаг юм. Ингээд хэрэг гардаг өдрийн маргааш талийгаач хүү эгчийндээ байж байгаад орой нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж иржээ. Тэгэхэд хүүгийн биеийн байдал маш муу байсан гэдгийг эмч нар хэлсэн. Үнэхээр цонхноос үсэрсэн үү, аль эсвэл талийгаач хүүд ямар нэгэн гэмтэл байсан уу гэдэг нь тодорхой бус байна. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүг очиход яаралтай авах ёстой арга хэмжээгээ авсан гэх  боловч оройтсон байсан. Гэхдээ хамгийн гол нь Гэмтэл согогийн үндэсний төв ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь асуудал.

-Сургуулийн захиргаанаас сурагчдыг дарамталдаг гэсэн мэдээлэл байна. Хүүгийн хэрэг үүн­тэй ямар нэгэн байдлаар  хол­боотой юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. Хоол өг­дөггүй байсан гэх мэтчилэн буруу ташаа мэдээлэл өгсөн байна билээ. Сур-гуулийн зүгээс хүүхдүүдийг дарамталдаггүй. Энэ талаар хүүх­дүүдээс асууж болно шүү дээ. Угаа­саа Шүүх эмнэлгийн дүг­нэлт гарахаар хэргийн үнэн  тогтоог­доно.

 

Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газ­рын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах бай­цаагч Ё.Лхагвасүрэн ийн ярьсан юм.

 

Ё.Лхагвасүрэн: ЭМНЭЛЭГ ДАМЖИН ЯВСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

 

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн хүүгийн хэргийг шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатанд явж байгаа вэ?

-Тус сургуулийн дотуур байрны хоёрдугаар давхраас 10 нас­тай хүүхэд унаж амь насаа алд­сан хэрэгт Баян­зүрх дүүргийн цаг­даа­гийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Тиймээс дээрх хэрэг хэний буруутай үйлдлээс болсон гэд­гийг цагдаагийн байгууллага тог­тооно. Одоогийн байдлаар хэрэг шал­гагдаж байгаа учраас тодорхой хэлэх зүйл байхгүй байна.

-Хүүг Гэмтэл согогийн үндэс­ний төвд, аль эсвэл Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт амиа алдсан гэсэн хоёр өөр мэдээлэл байна. Энэ тал дээр тодорхой тайлбарыг та өгөөч?

-Манайд ирсэн мэдээллээр уг хэрэг нь энэ сарын 7-ны өдөр гарсан байгаа. Хүүг сургуулийнхаа дотуур байрны цонхноос унасан өдөр нь Гэмтэл согогийн үндэсний төвийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт аваачсан юм билээ. Гэсэн хэдий ч хүү уг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад хэрэг гарсан өдрийн маргааш буюу  энэ сарын 8-нд амиа алдсан гэсэн харамсалтай мэдээ бидэнд ирсэн. Түүнээс биш эмнэлэг дамжин явсан зүйл байхгүй байсан.

-Хүүгийн ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гом­долгүй гэдгээ мэдэгдсэн гэсэн. Энэ үнэн үү? 

-Бид бол хуулийнхаа хүрээнд хэргийг шалгаж, буруутанг тогтоох үүрэгтэй. Нэг зүйлийг хэлэхэд бидний шалгаж буй хэрэгт ямар нэгэн байдлаар гадны нөлөөнд автах, эрх мэдэлтний талд үйлчлэх зэрэг асуудал байхгүй. Хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой эсэх нь тухайн хүмүүсийн хэрэг юм. Ар гэрийнхэн нь гомдолгүй гэж  болно. Хэрвээ ар гэрийнхнийг нь албадах байдлаар гомдолгүй гэж хэлүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас хэрэгт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм.

 

Т.Болорцэцэг