Дуулж буй дууных нь аялгууг сонсохоор сэтгэл цалгиж, үгийг нь бодохоор хийморь сэргэдэг нэгэн хүмүүн бидний дунд амьдардаг.Энэ хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг. Тэрбээр “Улаанбаатар” чуулгын тулгын чулууг тавилцсан анхны уран бүтээлчдийн нэг.Дуулсан дуугаараа овоглогдож, эгэл ардынхаа сэтгэлд уянгын гал нэмж яваа түүний уран бүтээлийн цэнгүүн удахгүй болох гэж байна.Ингээд уул, усаа хүндэтгэж эгшиг цалгиаж яваа эрхэм хүмүүнийг зочныхоо хоймор урилаа.

- Ихэмсэг зан төрхгүй дуучин гэж өөрийг тань ярьдаг юм билээ?
-Би гайхуулах юмгүй ард олонтойгоо адилхан хүн шүү дээ.Аав маань тариалангийн талбайд олон жил трактор барьсан хүн.Тиймээс ажилчин ангийн гаралтай хүүхэд.Дороо таван дүүтэй.Тэднийгээ өсгөж хүн болгох гэж ээж аавдаа тус дэм болж өссөн.Сумын төвийн хүүхдүүдийн амьдрал ахуй ямар байдаг яг л тэр замаар өсч өндийсөн дөө.Цэргийн алба хаагаад сумандаа ажиллаж амьдраад ер нь л нутгийнхаа зон олонтойгоо хамт байсан болохоор надад ихэмсэг эсвэл хэн нэгнийг ялгаж харьцах илүү дутуу зан ааш байхгүй.Тийм зан гаргая гэсэн ч надаас гарахгүй болохоор тэгж өөрийгөө зовоогоод яахав.Хүнд таалагдах, өөрөөрөө гайхуулах гэж бодох юм бол ёстой бүтэхгүй биз.Төрснөөрөө л байсан нь дээр.

-Нэлээд хожуу дуучин болсон байх?
- Их хожуу дуучин болсон.Анх бараг 30 настай тайзан дээр гарсан.Гуравдугаар ангид байхад Магдаа багш маань Сүхбаатарын мэндэлсний хэдэн жилийн ойгоор ч билээ “Хүрэн зандан ташуур” гэж нэг дууг дуул гээд зааж өгч байсан юм.
 Хүрэн зандан ташуур нь
Хүний дуртай ташуур шүү
Хүчит жанжин Сүхбаатарын минь
Хадгалж явсан ташуур шүү
... гэсэн үгтэй.Энэ дууг анх удаа сумын төвийнхөө тайзан дээр гарч дуулж байлаа.Жаахан тоодгор дээлтэй жанжин малгай өмсөөд ташуур бариад л. Одоо бодоход их өхөөрдмөөр дүр санагдаад байдаг юм.Түүнээс хойш манай ангийнхан “Хүрэн зандан ташуур” гэж намайг хочилдог болсон.Дараа нь 27 настай аймгийн Алтай чуулгын ойн концертод анх оролцож тайзан дээр гарч байлаа.Тэндээс уран бүтээлч болох гараагаа эхэлж манай нутгийнхан, тэр дундаа “Алтай” чуулгын уран бүтээлчид “Чи заавал сурч боловсрох хэрэгтэй.Ийм сайхан хоолой материал, байгалиас заяасан авьяас байхад дуул” гэж шахаж шаардсан нь миний дуучин болох замын эхлэл болсон.

-С.Ганзоригийнх гэдэг айл гал голомтоо хэдэн онд бадраасан бэ?
-Би 1990 онд цэргээс халагдсан.Тэр үед чинь жинхэнэ зах зээл эхэлж байлаа шүү дээ.Залууст сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх бүх юм хаалттай болсон хүнд хэцүү үед амьдралд хөл тавьсан.1992 онд айл гэр болсон.Тэгээд жолооч болж нэг машин аваад ийш, тийшээ ойр зуур тээвэрт явна.Нутаг усандаа айл нүүлгэх, аргал ачихаас эхлээд л янз бүрийн ажил хийж байгаад сүүл рүүгээ зах зээлд орж ноос ноолуур, арьс ширний наймаа хийж наана цаана гэж явсаар байгаад амьдралаа жаахан төвхнүүлж авсан.Өрх толгойлсон эр хүн чинь амьдралаа гэж явсаар нэг мэдэхэд л 26-27 хүрчихэн байсан даа.

- Цэргийн алба эр хүнийг хат суулгадаг гэдэг.Хаана алба хаасан билээ?
-Би чинь хоёр жилийн анхны цэрэг.Сонгины 150 дугаар ангид бага даргын сургуульд ирээд тэндээ нэг жил сураад Өмнөговийн ардын армийн 167 дугаар ангид алба хааж байгаад халагдсан.Миний бахархаж явдаг нэг юм бол хоёр жил цэргийн алба хаахдаа хоёр ангид хаасан.Тэр хоёр анги маань яг дараалаад батлан хамгаалахын шалгалттай байж хоёр жил хоёрдохгүй их ачаалалтай байсан.Батлан хамгаалахын сайдын шалгалтад бэлтгэнэ гэдэг бол эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг яамандаа харуулахын тулд бэлтгэл сургуулилтыг их өндөр хэмжээнд хийдэг байсан.Ээж ааваас төрсөн тэр сайхан биеэ цэрэгт чангаруулж, хат суулгаж, цэгцэлж авсан.Мөн 1989 онд 150 дугаар ангид байхдаа улсын баярын параданд оролцож хүндэт харуулын дараа хоёрдугаар байранд шалгараад долоо хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнуулж байлаа.Түүнээс хойш улсын баярын парад явахаа больчихсон байж байгаад өнгөрсөн жилээс сэргэж байх шиг байна.Улсын баяр наадмаар Сүх жанжныхаа төв талбай дээр параданд оролцож хөл тавьж явна гэдэг бол тухай үеийн цэргүүдийн бахархал байсан.

-С.Ганзориг гэдэг хүн нэлээд онцлогтой юм шиг санагддаг.Ихэнх дуучид хайрын сэдэвтэй дуу дуулж гарч ирдэг?
-Би хожуухан уран бүтээл хийгээд урлагийн босгоор орж ирсэн болохоор залуучуудтай адил болсон болоогүй хайр дуулаад байх сонин /инээв/.Тэгээд ч төрж өссөн өлгий нутаг Говь-Алтай аймаг минь Хантайширын нуруу, Хар азаргын нуруу, Хөх сэрхийн нуруу, Бурхан буудай уулынхаа тухай дууг л дуулж явъя гэж боддог байсан.Уул, усандаа дуу хоолойгоо хүргэж тэнд л анх дуулахаад нутаг ус, уул ус маань л миний дууг хүлээж авсан.Би уран бүтээлийнхээ гарааг ч “Бурхан буудайн уул” дуугаар эхэлсэн байдаг юм.Бурхан буудай уул маань манай нутгийн хоймор байдаг уул юм.Газрын төвшнээс дээш 3760 гаруй метр өндөрт байдаг сайхан хайрхан.Энэ сайхан хайрхнаа дуулж явна гэдэг гоё л доо.Ард түмэн маань намайг уулын дуучин гэж ярьж байхыг сонссон.Өө манай Богд уулыг дуулдаг Ганзориг, Сутай хайрхнаа дуулдаг Ганзориг гээд л. Уул усаа магтаж яваа хүн сайхан явдаг гэж ярих нь надад том урам болдог.Тэр ч утгаараа Монгол орныхоо зүрх шүтээн болсон сайхан уул хайрхны тухай дуулахыг бодож, явсан газар болгоноо энэ ямар хайрхан юм, ямар домогтой вэ гэх зэргийг асууж явдаг.

-Газар газрын дуучдын хоолойны өнгө, цар хүрээ өөр онцлогтой байдаг?
- Нутаг усны онцлог, идэж ууж явсан хоол хүнснээс шалтгаалан хүний хоолойны цар хүрээ өөр өөр байдаг нь үнэн байх.Нуур нуурын ус ч бүгд өөр өөр амттай байдаг шүү дээ.Алтайнхаа мөнх цаст уулын хормойноос гарсан гол ус, булаг шандаар ундаалж өссөн болохоор миний хоолойны өнгө аяс ч өөр сонсогддог байх л даа.

-Ер нь би “Богдхан уул” дуу үүссэн түүхийг сонирхмоор санагдаад байдаг юм?
-Манай эхнэрийн авга ах Мягмар гэдэг хүн үгийг нь зохиосон.Хүү нь Хөх хотын Анагаах ухааны их сургуульд сурдаг.Тэгээд аав ээж хоёр нь хүүгээ дагаж гурав дөрвөн жил тэнд амьдарсан юм.Одоо Мягмар ахынх Богд уулын баруун хойд хормой дээр байдаг.Тэр хүн Хөх хотын “Далан хар уул”- ыг харж байж энэ шүлгийг бичсэн юм билээ.Анх шүлэг нь “Далан хар уул” нэртэй байсан юм.Би Цэвээнравдан ахад шүлгийг нь хүргэж өгөөд ая зохиолгосон.Анх дуулахдаа “Далан хар уул”- аар нь дуулсан.Тэгтэл хүмүүс “Далан хар уул” хаана байдаг юм танай нутагт байдаг юм уу гэж асуугаад байсан.Тэгээд би “Далан хар уул”- ыг өөрчлөх гэж нутгийнхаа уулсын нэрийг их бодож үзсэн.Нэг л зохимжгүй оргиод.Тэгээд өргөн хүрээ хамруулъя гэж бодож байгаад яалт ч үгүй энэ Богд уулыг үзээгүй хараагүй монгол хүн байхгүй.Улаанбаатарт ирээгүй, хонож өнжөөгүй хүн гэж байхгүй.Тэгээд би Мягмар ахад хэлсэн.Энэ Богд хан ууландаа Та мөргөж залбираад орой болгон өвөр дээр нь унтаж байгаа.Ерөөсөө хоёулаа Богд хан уул гэж өөрчлөе гэсэн.Гэтэл чи өөрөө л яаж өөрчилмөөр байна дураараа бол гэж хэлсэн.Дараа нь Цэвээнравдан багшид хэлсэн.Яг зөв тийм байна ерөөсөө л “Богд уул” юм байна гэсэн.Тэгээд л “Богд хан уул” төрсөн юм даа.

-Хөх хотод өөрийн тань уран бүтээл их дуулагддаг гэж сонссон?
-Тэнд миний дуунууд нэлээд их дуулагддаг юм билээ.Хөх хотоос хөгжмийн зохиолч, яруу найрагч нар надтай их холбогдож байгаа.Миний хамтарсан хоёр уран бүтээл гарчихаад байгаа.Гурав дахь хамтын бүтээл маань Хөх хотын Гэрэлцэцэг гэж эмэгтэй дуучинтай хамтарч дуулах санал ирээд дөнгөж сая бичлэгээ хийлгэсэн.

-Шинэ хийх гэж байгаа тоглолтынхоо талаар танилцуулна уу?
-“Түмэндээ өргөх дуу” нэртэй хоёр дахь удаагийн бие даасан тоглолтоо хийх гэж байна.Энэ сарын 17 их учиртай өдөр.Би Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм сайхан цол авсныхаа дараа анх удаа ард түмэндээ тайлагнасан тоглолт хийх гэж байна.Энэ өдөр Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан өдөр.Ийм сайхан бэлэг дэмбэрэлтэй өдрийг сонгож авсан нэг шалтгаан маань С.Ганзориг гэдэг хүн ээжийнхээ ачийг хариулах гэж хичээж яваагийн нэг илрэл байх болно гэж бодож байгаа.Хүн бүхэн эхийнхээ ачийг хариулж явъя. Ганц шөнө ч байсан өндийж хөхүүлсэн, хуурайлсан тэр ачийг нь хариулж барахгүй ч сэтгэлдээ үргэлжийн мөнх ээжийнхээ  ачийг тээж яваа нь надад их сайхан санагддаг. Тэгээд Бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан өдрийг сонгосон юм.Миний энэ тоглолтыг олон сайхан ээжүүд ирж үзэх байх.Энэ тоглолт дээрээ “Миний ээж”, “Эхийн ач” зэрэг сайхан дуунуудыг дуулна.Монгол улсын СТА Дэлгэрмөрөнтэй хамтарч “Миний ээж” гэдэг сайхан уран бүтээлийг хамтдаа дуулна.

-Өөрийг тань олон жил машины кабинд дуулсан гэдэг юм билээ?
-Өө дуулсан дуулсан.Миний “Улаанбаатар”, “Алтан шар зам”, “Алтан намар” гээд одоо уран бүтээлийнхээ оргил нь болж яваа дуунуудаа дуулж явсаар өдий хүрсэн.Ер нь жолооч байх сайхан шүү.Дуу бүхнийг аялж явдаг.Үнэндээ алтан шар замд дуу дуулж явах сайхан.Монгол Улсын Гавьяат жүжигчин Банзрагч, Оросоо, АЖ Зангад, гуайн дуунуудыг дуулаад л жолоогоо атгана даа.

Мугж Самьяа Ганзориг 

  • “Алтан намар” дууг Зангад гуай дуулдаг. Таны хувьд энэ дууг дуулахдаа айж байв уу
  • Энэ дууг ард түмэн мэднэ. Анхандаа айх ч шиг байсан. Гагцхүү дууг хэн ард түмэнд хүргэж хэн дуулсан гэдгээр нь ард түмэн үнэлдэг. Миний хувьд Зангад гуайтай уулзаж энэ дууг дуулж үзсэн. Бас санаанд нь тохирох эсэхийг ярилцсан. Харин Зангад гуай их сайхан болж болж гэсэнд урам ороод дүрсжүүлээд  үзүүлсэн. Энэ дууны агуулга цар хүрээ асар гайхамшигтай   учир айсан тал бий.
  • Таныг Богд хаан уул дуугаар олон мэддэг
  • Үнэндээ энэ дуу хүнд сайн хүрсэн болоод л тэр байх. Би олон дуу дуулсан. Энэ дуундаа ч бусад дуундаа ч хайртай.
  • Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл
  • Ардын дуу шиг амраг. Энэ дуунд сэтгэлээ шингээж дуулах гэсэнмаань  хамгийн их шингэсэн болов уу. 
  • Бусад дуундаа ,,,,
  • Энэ бол  их онцлог. Дуучин хүн сэтгэлээ шингээж байж уран бүтээлтөрдөг. ГАнц энэ дуу бус бүх дуундаа сэтгэлээ шингээнэ. Яагаад онцлов гэхээр Монголын мнга мнган сайхан бүсгүйчүүлийн хайр сэтгэл он цаг орон зайгаар хязгаарлагдаагүй болж чадсан юмболов уу
  • Дууг яруу найрагч аавтай хөгжмийн зохиоч аавтай
  • Тэр хамгийн үнэн үг. Дуучин дуу хоёр бол тэднээс төрсөн үр хүүхэд Ая дан үгүй бол тэр хөгжмийн сайхан урсгал хүнд хүрэх үү. Яруу найраг үгүй бол ая дан хөглөгдөх үү энэ бүхэн л хамгийн чухал дуучин гэдэг хүүхэд нь дууг амьдруулж олонд хүргэж тэр нь өсөн бойжиж явах ёстой.
  • Амраг хайр, аав ээжийн байгалийн тухай дуунуудын хувьд
  • Дуучин болгон гэлтгүй ард түмэн энэ сэдвээр л хөглөгдөж амьдардаг. Мөнхийн сэдэв Хамгийн гол нь чухам ямар яруу найраг яаж ая дантай л  болсон бэ гэдгийг ард түмэн шүүдэг. Зохиолын гэлтгүй рок поп, ардын дуунууд ч эн э сэдвийн дор үргэлжилдэг, үргэлжилсээр л байх болн
  • Тэгэхээр захалгатай гэдэг дуунууд хэрэггүй гэсэн үг үү
  • Тийм дуу балаа гэхэд ард түмэнд хэр хүрэх вэ гэдгийг ц нэг м хар. Дан ганц тэрйг морины тухай уулын тухай дууллаа гэхэд тэр морины уулны тухай мэдэх хүмүүс л мэднэ.
  • Танд энэ дууг захиалгаар дуулаач гэвэл
  • Үнэхээр тэр уулын тухай, морины тухай олон мэддэг бас хүнд хүрэхээр “аавтай, ээжтэй” бол дуулнаа
  • Ганзориг гэдэг хүн
  • Монголын ард түмний хүү
  • Тодруулбал
  • Би Говь Алтай аймгийн Бигэрийнх гэхдээ миний нутаг Монгол. Энэ л сайхан. уул, ус, тал өрсөн дундаа эрхлэх гэж хүү нь болж төрсөн. Эрхэлж ч яваа. Эрхэлсэний дуулсаны хүчинд өдий зэрэгтэй явна. Тиймээс би Монголын ард түмний хүү
  • Гэр бүл
  • Эхнэр хүүхдийн хамт эгааэл жирийн л нэг гэр бүл
  • Уран бүтээлийн сан
  • Нилээдгүй юм байгаа

С.Үүлэн