Олон улсын Архитекторуудын холбоо 2016 оны Дэлхийн Архитектурын өдрийг “Design a Better World” сэдвийн дор 10 дугаар сарын 03-ны энэ өдөр тэмдэглэлээ.

Дэлхийн архитекторуудын өдрийн хүрээнд “Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим”-аас шилдэг залуу архитектор, уран бүтээлчдийн урлагийн бүтээлээр “Монголын Архитектур өнөө цагт 2016” үзэсгэлэнг 10-р сарын 01-нээс 07-ны өдрүүдэд “Блью Мүүн арт галерей” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Эх дэлхийдээ ээлтэй, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах төлөвлөлт шийдлийг гарган хэрэгжүүлэх нь чухал болохыг орон орны архитекторууд, архитектурын байгууллагуудад онцлон уриалж байна. Дэлхийн хэмжээнд 1.3 сая архитектор уран бүтээл туурвидаг юм байна.

“Монголын архитектур өнөө цагт-2016” үзэсгэлэн арга хэмжээ нь орчин үеийн архитектурын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй шилдэг барилга байгууламжийн төлөвлөлт, дизайн, архитекторуудын бүтээлч сэтгэлгээ, уран бүтээлийг төр засаг, мэргэжлийн байгууллагууд бизнесийн төлөөлөл, олон нийтэд таниулах, гадаад дотоодын архитектурын нэр хүндтэй сургуулийг төгссөн архитектор уран бүтээлчдийн үзэл баримтлалыг нэгтгэх, нийгмийн бүтээн байгуулалт хөгжил дэвшилд уриалан дуудах зорилготой. Үзэсгэлэнд орчин үеийн архитектурын бүтээл, түүх, соёл урлагийн бүтээл, хөгжлийн мега төслүүдийн танилцуулгыг дэлгэн харуулж байгаа юм.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу лекц , чөлөөт ярилцлага, уулзалт арга хэмжээ болох тул нийт салбарын мэргэжлийн байгууллагууд, нийгмийн бүтээн байгуулагчид, архитектор, уран бүтээлчид барилгын салбарын бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцох, санал дэвшүүлэх боломжтой.