Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газар Монголын Хуульчдын холбоотой хамтран өнөөдөр иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө мэдээллийг үнэгүй өгч байна.

 

Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Иргэний танхимд болж байгаа бөгөөд 10 гаруй өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүү, иргэн, захиргааны чиглэлээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хууль эрхзүйн туслалцаа үзүүлж байгаа юм.

 

Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх арга хэмжээний талаар Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Булгантамир “Манай Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Хуульчдын холбоотой хамтран жил бүр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг.

Энэ үеэр иргэдийн дунд түгээмэл тохиолддог Хөдөлмөрийн маргаан, гэр бүлийн асуудал, өмчлөл зэрэгтэй холбоотой асуудлаар иргэд ханддаг зөвлөгөө өгөх зорилготой. Иргэд хуулийн мэдлэг дулимаг байдлаас үүдэн эрхээ хохироох, цаг хугацаа алдах гэх мэт хүндрэл гардаг.

Тиймээс иргэд арга хэмжээнд ирснээр хууль зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх, өөрт тохиолдсон асуудлыг хэрхэн хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой талаар мэдээлэл авдгаараа ач холбогдолтой юм” гэлээ.

Б.Галхүү: Одоо мөрдөж буй Гэр бүлийн тухай хуульд учир дутагдалтай тал их бий

 

Арга хэмжээний үеэр иргэдэд зөвлөгөө өгч буй Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Баяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэдийн хамгийн их зөвлөгөө хүсч буй асуудал нь юу байна вэ?

-Иргэдэд зөвлөгөө өгч байхад иргэдийн дунд хамгийн их тулгамдаж буй асуудал нь гэр бүлийн салалт байна. Гэр бүл салалтад хоёр зүйл нөлөө үзүүлдэг. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл. Хоёрдугаарт, гэр бүлээс гадуур харилцаанаас болж гэр бүлийн маргаан гарч, салалтад хүргэж байна.

-Гэр бүл салахад хөрөнгө хуваах, хүүхдээ хэн нь асрамждаа авах вэ зэрэг түгээмэл асуудал гардаг байх?

-Хүүхдийг хэн нь өсгөх тухай асуудал ярихад дийлэнхдээ бага насны хүүхэд бол ээжид нь өгдөг жишиг тогтсон. Харин хөрөнгө бол хоёр төрөлтэй. Хуваарьт хөрөнгө, дундын хөрөнгө гэж. Дундын хөрөнгө нь гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгийг хэлнэ.

Дундын хөрөнгийг гэр бүл салж байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүдийн тоогоор тэнцүү хуваагддаг. Харин хуваарьт хөрөнгийг тухайн эзэмшигч нь л авдаг. Хуулийн хүрээнд гэр бүлийн асуудлыг ингэж зохицуулдаг. Гэхдээ одоо мөрдөж буй Гэр бүлийн тухай хуульд учир дутагдалтай талууд байна.

-Тодруулбал?

-Гэр бүлийн гадуурх харилцааг хуулиар зохицуулах асуудал байхгүй. Хэрэв хуульчилбал гэр бүл салалт багасна гэж харж байгаа. Гэр бүл үймүүлсэн этгээдэд хариуцлага тооцох тогтолцоог бий болгож байж энэ асуудал намжина. Одоогоор гэр бүлийн асуудлын талаар маш олон судалгаа хийж байгаа нь авууштай боловч нүдэнд үзэгдэх дорвитой ажил хийгдээгүй байна.

 

ikon.mn