Төсөв алдагдалтай байгаа учир МСҮТ-д /хуучнаар ТМС/ суралцдаг хүүхдүүдийн сургалтын тэтгэмж болох 70 000 төгрөг болон хувийн хэвшлийн сургуулиудад олгодог байсан хувьсах зардал зэргийг тэвчиж болох зардал гэдэг ангилалд оруулсан байна. Ингэснээр МСҮТ болон тэнд суралцаж байгаа 42 000 орчим хүүхэд тэтгэлэг авах боломжгүй болжээ. Хэдийгээр оюутны 70 000 төгрөгийн тэтгэмжийг 2016 оныг дуустал олгох шийдвэр Засгийн газраас гаргасан ч энэ шийдвэр МСҮТ-д суралцагчдад хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл оюутнууд 70 000 төгрөг авдгаараа авна. Харин МСҮТ-д суралцагчид нэгдүгээр сард л авснаас өнөөдрийг хүртэл аваагүй бол их дээд сургуулийн оюутнууд сар бүрийн тэтгэмжээ авсаар байгаа.

Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 90 гаруй МСҮТ-д сурч байгаа 42 000 суралцагчийн 60 орчим нь хагас болон бүтэн өнчин, төлбөрийн чадвар муутай, амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд байдаг аж. Нөгөө талаас ТМС буюу одоогийн МСҮТ-д 9-р анги төгссөн хүүхдүүд элсэн суралцдаг. Тэдний хувьд их дээд сургуулийн төлбөр төлөх боломжгүй болохоор тэтгэлэгтэй бас үнэгүй мэргэжил олгож байгаа болохоор МСҮТ-ийг сонгодог байна. Гэтэл ийнхүү айлын хүүхдүүдийг “алаг үзэж” оюутны сургалтын 70 000 төгрөгийг өгөхгүй, танаснаас идэх хоол нь, өрхийн амьжиргаа нь тэр хэмжээгээрээ буурч байгааг учирлаж байсан юм.

Тиймээс МСҮТ-д суралцагчид Тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын байр, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны гадна жагсаал хийсэн юм. Жагсаал цуглааны үеэр тэтгэмжийн 70 000 төгрөгөөр үзэг бал авдаг байсан одоо чадахгүй байна. 18 хүрээгүй болохоор сонгууль санал өгөхгүй гэж ийнхүү танаж байгаа нь буруу. Айлын хүүхдийг алаг үзлээ гэх мэтээр МСҮТ-д суралцагчид хэлж байна. МСҮТ-д суралцагчид албан бичгээ МАН-ын төлөөлөл болон НХХЯ-ны мэргэжилтэнд өгсөн.

Үүнээс гадна МСҮТ-ийг бодлогоор дэмжихгүй бол дампуурлын ирмэгт ирээд байгааг МСҮТ-ийн багш ажилчид хэлж байна. Хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгт төрөөс хувьсах зардал өгдөг. Харин МСҮТ-ийн хувьсах зардлыг хассан байна. Ингэснээр МСҮТ-ийн багш ажилчид үйл ажиллагааны зардалгүй болж байгаа юм. Харин сард хамгийн багадаа 200 000 төгрөгийн төлбөр авдаг хувийн цэцэрлэгүүд, жилийн 4 000 000 -50 000 000 төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиудын хувьсах зардлыг өгсөн байна.

Оюутнуудын автобусанд үнэ төлбөргүй зорчих эрх бүхий смарт картыг МСҮТ-д суралцагчдад олгодоггүй. МСҮТ-д суралцагчид их дээд сургуулийн оюутнуудтай ажил мэргэжилтэй болж байгаа ч автобусанд мөнгө төлөн зорчдог.

Энэ мэтээр МСҮТ болон тэнд суралцагчдыг гадуурхсан мэт үйлдэл цөөнгүй бий. МСҮТ-д суралцагч ч бай, оюутан ч бай Монгол улсын ирээдүй. Тэднийг сургуулиар нь насаар нь ингэж ялгаж байгаа нь шударга бус.

Тиймээс ирээдүй рүүгээ нулимахгүй, алаг үзэхгүй дэмжээд явах нь чухал юм. Эс бөгөөс баялаг бүтээгч боловсон хүчний тоо эрс буурч, та бид үйлдвэрлэгч улс байж чадахгүй болно.