Аливаа зүйлийг нүдээр үзэж, учир начрыг нь олж байж дараа нь асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайгаа боддог жамтай. Энэ бол хүмүүний ертөнцийн бичигдээгүй хууль юм. Хүний хүүхэд байтугай амьтны үр төл ч нүдээ нээснийхээ дараа шүдээ үзүүлдэг. Харин нүдээ харуулахаасаа өмнө шууд шүдээ харуулж, эргэн тойрон дахь бүхнээ тасчаад эхэлнэ гэвэл аймшигтай. Тэр тухай бодохоос жихүүдэс төрж, ар нуруу руу хүйт оргино. Гэтэл “мэргэжлийн” гэх тодотголтой шинэ засаг төр байгуулагдсан цагаасаа л “араа шүдээ” хурцлан ард түмэн рүүгээ улайран дайрч, амьдралд хэрэгтэй гэсэн бүхнийг нь хориглож эхэлсэн. Чухам юу юуг хориглосныг эргэн саная.

Шинэ Засгийн газар бараг л анхны хуралдаанаараа монголчуудын талархан хүлээж авсан “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоохоо мэдэгдсэн. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүд нь нийгмийн аль ч давхаргын иргэдийн амьдралд бодитой нөлөө үзүүлж, бусдын гар харалгүй аж төрөх нөхцөлийг бүрдүүлсэн байв. Хөдөөгийн ард иргэдэд итгэл үнэмшил төрж, Улаанбаатарын гэр хорооллынхон “сайн хашаа”-ны үр шимээр сайхан амьдрах цаг нь ирлээ гэж баяр баясгалан болж байлаа. Гэтэл энэ бүхнийг “өмнөх нам засгийн юм” гэх улс төрийн өчүүхэн дорой сэтгэхүйгээр үгүй хийж иргэдээ хорлосон. “Ардын намын нөхөд улс төрийн зорилгоор ард түмнээ хохироож болохгүй. Эдгээр хөтөлбөрүүдийг зээл авсан иргэд нь төлдөг болохоос улсын төсвөөр төлдөггүй юм” гэж Ардчилсан намын удирдлагууд арга ядахдаа хэлсэн. Гэвч эрх баригчдад өрсөлдөгч намынхаа бодлогыг няцааж л байвал ард түмний амьдрал огтхон ч хамаагүй гэдгээ баталсан.

Ийм шийдвэр гаргасныхаа дараа “Төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь хална, цалинг нь хасна” гэж мөн л шүдээ зууж байгаад хэлсэн. Залгуулаад Сангийн сайд нь “Монгол Улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар” гэж нүдээ бүлтгэнүүлж ирээд цочир мэдэгдэл хийх нь тэр. Мөн төв банкны ерөнхийлөгч нь “Монголын валютын нөөц -400 сая ам.доллар” гэх сүржин тайлбар өглөө. Эл бүгдийг сонсох нь ээ, харь орноос харь элгийн хүмүүс ирж монголчуудаар доог тохуу хийн, үйл тамыг нь үзээд ч байгаа юм шиг. Бүр нэг бах таваа ханган доромжилж байгаа мэт санагдахаар. “Та бүхэн биднийг сонгосон. Одоо хохь чинь ээ, өлсөж цангахын зовлонг ханатлаа амсана даа” гэж дахин дахин тавлан хэлээд байх шиг санагдаж байв.

Шинэ засаг төрийн дараалсан эдгээр цочмог тайлбар мэдэгдлийн дараа хүн бүр битүүхэндээ нэг л айдастай болчихсон. “Одоо яах бол, юу гэж мэдэгдэх бол. Энэ монгол ер нь юу болоод байна аа” гээд өөр хоорондоо шивэр авир хийхээс цаашгүй байлаа. Тэгтэл юу болсон гэж санана. Татвар нэмнэ гэх нэрээр ард түмнийхээ халаас руу аймшиггүйгээр “хар савраа” шургуулж эхэлдэг байгаа. Өнөө “мэргэжлийн” гэх засгийнх нь төсвийн алдагдлыг бууруулах “цахилгаан төлөвлөгөө” нь ердөө татвар нэмэх юм гэнэ. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгохоос аваад ханах, танах олон боломж байсаар байтал ядарсан иргэдийнхээ халаасыг дахиад хоослохоор найман төрлийн татвар нэмэхээр болсон. Үүнд 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 25 хувийн татвар авна, 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай бол хүүгээс нь мөн татвар авна. За тэгээд автомашин болон архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ, алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашиглагчдаас татвар авна гэх хуулийн төсөл боловсруулаад ард түмнийхээ өөдөөс дайрдаг юм. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, дараа нь Их хурал нь буцааж байж уг асуудал намжсан.

Татварын шуугиан намжаагүй байтал Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр маань хөгөө чирсэн мэдэгдэл хийж, Монголоор дүүрэн инээд ханиад, эмгэнэл болсон. Хамтын тэтгэврийн тухай хуулийг зүгээр л орхичихгүй, монгол хүмүүний сэтгэлгээнд, үзэл бодол, итгэл үнэмшилд нь буухааргүй зүйл ярьж, амьтны элэг доог болж байгаа юм. Сангийн сайд нь “Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэж хэлээд байгаа” хэмээн худал хэлж, үгэндээ ороогдон нийгэм даяар онигоо болон элдэв дээдээр зүхүүлж байтал дөнгөж маргааш нь Ерөнхий сайд “Хоёр хөгшин тэтвэр авахын төлөө хоёр биенээ нухах муухай юм боддог” гэж хэлээд бүр бантанг нь хутгаж өгсөн. Ард түмэн ийм хүмүүсээр удирдуулж байгаадаа үнэндээ гутрах шиг болсон. Ингэж шинэ сайдуудын ард түмнээ доромжилсон мэдээллүүд шил шилээ дарж байсан нь аймшигтай.

Энэ засаг төрийн “араа шүд”-нд хяргуулж хэрчүүлээгүй иргэн гэж ховор. Нялх балчир үрс маань хүртэл Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадалгүй ад үзэгдээд байж байна. Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгох нь Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд Цэцэд гомдол гаргаад буй. Бүхий л насаараа монгол түмнийхээ оюун ухаан, эрүүл энхийн төлөө үнэнчээр зүтгэсэн багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж байхгүй болсон. Тэд “төрийн минь хайр хишиг” гээд хичнээн баяртай, сэтгэл дүүрэн тэтгэвэртээ суудаг гэж санана.

Нийслэл хотын дахин төлөвлөлт, утаатай тэмцсэн асуудал тэр бүхэн “Үүл баатрын юм чинь” гээд үлгэр болов бололтой. Эрх баригч нам “Өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж амласан. Гэвч өнөөдөр бодит амьдрал дээр “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсоож, оюутны тэтгэмж 70 мянгыг олгохыг болиулсан. Энэ бүхэн больдог юмаа гэтэл “Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй” гээд тас зогсоолоо.

Ард түмний ганцхан найдвар “ипотекийн зээл үргэлжилнэ” гэх мэдээлэл юм. Гэвч уг зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулж, тэр нь батлагдаагүй байгаа. Тэгэхээр бас л эргэлзээ төрүүлэх нь мэдээж. Ард түмэн Ардын намынхны сэтгэл хөвсөлзүүлсэн сайхан үгтэй муухай амлалтад одоо итгэхээ больж эхэлж байна. Түүний баталгаа дээрх бүх үйл явцаар хэмжигдэнэ. Мөн олон айл өрх, бүсгүйчүүд итгэл хүлээлгэн горьдлого тээж байсан зүйл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль. Тэгтэл эрх баригч нам нь Их хурлынхаа дэгийн тухай хуулийг, эцэг хуультайгаа хамт зөрчиж байж Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хүчингүй болгосон. Аргаа барсан олон “Ардын намын эмэгтэй гишүүд яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ” гэх цөхрөлийн үг хэлээд хоцорсон.

Эзэн Чингисийн талбайг Их жанжин Сүхбаатарын талбай болгосон, ард иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг ганц цонх “11:11” төвийг татан буулгах болсон гээд “шүдээ үзүүлсэн” шийдвэрүүд барагдахгүй. Баар, рестораныг шөнө орой хаана , ТҮЦ-ийг нураана гэдэг ч юм уу иргэдийн амьжиргаагаа залгуулдаг ямар л суваг, судас байна тэр бүгдийг тас хэрчих гэж зүтгэцгээх болов. Бүр сүүлдээ хурааж танахын дон шүглэсэн юм шиг нохой, муурын засааг хүртэл зүгээр орхилгүй “хурааж” байна.

Удахгүй орон нутгийн сонгууль болно. Сонгуулийн дараа ахиад л ард түмнийхээ амийг чангаан дайрцгаах биз. Энэ бүхний үр дүнд Монголын банк санхүүгийн байдал, гадаад бодлого, стратеги төлөвлөлт бүхэн ямар ч дархлаагүй боллоо. Одоо болно оо, нөхөд минь. Нүдээ харахаасаа өмнө шүдээ харуулсан засаг чинь 100 хонож зулай нь битүүрч байна. Эрх биш ир бяр, ааг омог чинь дарагдаа байлгүй. Бүгдийг нь сонгоод өгсөнд өширхөж байгаа юм шиг сонгогч олон руугаа шүдээ зууж тэмцсэн тэмцлээ зогсоо. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлж сөхөрсөн эдийн засгаа сэргээж, монгол түмнийхээ амьдралыг өөд татах цаг чинь ирсэн байна.

Н.ГАНТУЛГА