МАНАН-гийн лидерүүдийн хооронд хэрүүлийн алим болсон “Эрдэнэт”-ийн асуудал улс төрийг улам сонирхолтой болгож байна. МАН-ын “мэнгэт” даргын хувьд “Эрдэнэтийн хувьчлалын асуудлын ард нам дамжсан бүлэглэл бий. Төрийн гурван өндөрлөгийн оролцоотой энэ ажлыг явуулсан. Манай намын удирдлагууд үүнд оролцоогүй гэдгээ батлах ганц л арга бий. Тэр нь үйлдвэрээ буцааж авах” хэмээн өөртөө итгэлтэйгээр шууд цохон хэлсэн юм.

 

Ц.Элбэгдорж руу дайрсан дайралт нь далдуураа М.Энхболдыг онилж, цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүчийг нь саармагжуулах томоохон төлөвлөгөө хэмээж байгаа юм.

 

Гэхдээ Ц.Нямдорж гишүүний ил цагаан хэлээд байгаа бүлэглэлийн”Гишүүн” нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш, харин намынхаа дарга руу онилсон чулуу байж болзошгүй гэдгийг учир мэдэх хүмүүс жиг жуг гэцгээж байна. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж руу дайрсан дайралт нь далдуураа М.Энхболдыг онилж, цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүчийг нь саармагжуулах томоохон төлөвлөгөө хэмээж байгаа юм.

 

Тиймдээ ч МАН-ын гишүүнээсээ татгалзаж байгаатай агаар нэгэн адил үгийг телевизээр ам бардамхан хэлсэн байж таарах нь. Ийнхүү МАН-ын лидер гишүүн Ц.Нямдоржийн өдөөсөн “Цусгүй дайн” улстөрийн талбарт хүчээ авч, хуурай өвсөнд тавьсан гал адил дүрэлзэж эхэлсэн нь “Мэнгэт дарга”-ын төлөвлөгөөны нэгээхэн хэсэг гэх бор шувуу ч нисэж байна.

 

Ц.Нямдоржийг дээрх мэдэгдлийг шат дараатай хийсний дараа гал дээр тос нэмсэн хүн бол О.Магнай. “Гудамжны жагсагч”-аас ШӨХТГ-ын дарга болтлоо дэвшсэн түүнийг Ц.Нямдоржийн “Чавхны чулуу” болсон яриа аанай л чих шүргэв. Үнэн худлыг бүү мэд. Ямартай ч ШӨХТГ-ын даргын албан тушаалаа өгснөөс хойш усанд шидсэн чулуу шиг таг чиг байсан О.Магнай гэнэт “амилж” хэвлэлийн хурал хийх болсон нь хардлага төрүүлмээр. Тэрбээр өнгөрсөн зуун хоногт МАН ямар ажлууд хийснийг нэгтгэсэн, хараат бус тайлан бэлтгэснээ танилцуулсан нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш байх.

 

 

Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд ах дүүгийнхээ 20 хүнийг өндөр албан тушаалд томилсон талаар мэдэгдэж “Ураг төрлийн мод”-ны салаа мөчир бүхнийг нэгд нэгэнгүй тоочсон нь Ц.Нямдоржийн асаасан галыг улам өрдсөн бөлгөө. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд яаран сандран мэдэгдэл хийсэн нь эмзэг цэгийг нь олоод хатгачихав уу гэмээр харагдав. Үнэндээ МАН-ын дарга М.Энхболд олны хэл амнаас хол байж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр бүтэн, гар цэвэр орохын тулд Ерөнхий сайдын суудлаас татгалзаж УИХ-ын дарга болсон гэж дээр дооргүй ярьцгаадаг. Гэтэл Ц.Нямдорж гэж ард түмний дунд “Баастай бурхан” болтлоо нэрд гарсан “Этгээд” түүний өөдөөс чулуу шидэж, О.Магнай хүч нэмснээр юун “Ариун цэвэр”-ийн асуудал ярихтай манатай болоод байна. МАН-аас нэр дэвших л бол ёстой л нөгөө Б.Бат-Эрдэнэ аварга шиг нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр байх хэрэгтэй болоод байгаа энэ эгзэгтэй үед “Ураг төрлийн мод”-ны асуудал МАН-ын даргын шүдний өвчин боллоо.

 

Энэ жагсаалт үгүй болоогүй цагт М.Энхболдын рейтинг өснө гэдэг юу л бол. Үгүйсгэхийн аргагүй томилгоонуудыг “Чавхны чулуу” пад гээд л гаргаад тавьчихлаа. Тэд нэрээ нуухгүй бол ард түмэн нүднээсээ нуухгүй унших нь мэдээж.

 

1. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар,


2. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төрөл садан А.Ундраа УИХ-ын гишүүн болов.


3. УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар,


4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатийн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар,


5. МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нь Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүнээр,


6. МАН-ын дарга асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар,


7. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар,


8. Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын даргаар,


9. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын даргаар,


10. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар,


11. И.Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр,


12. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын даргаар,


13. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн дүү Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар,


14. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран нь Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэд даргаар,


15. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн нь Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр,


16. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар,


17. УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн дүү Б.Эрхэмзаяа нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирлаар,


18. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр нь Барилга хот байгуулалтын сайдаар,


19. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн дэд сайдаар,


20. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар,


21. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар,


22. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогтын туслах З.Мэндсайхан нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар,


23. Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин Ариунзаяа Үндэсний Статистикийн Газрын даргаар,


24. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар,


25. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компаний дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа нь Хөдөлмөр, халамж үйлчилгэний ерөнхий газрын даргаар,


26. Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар,


27. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар,


28. Морин спорт уяачдын холбооны гишүүн, манлай уяач Даваахүүгийн хүү Д.Баянбат нь нийслэлийн хөдөө аж ахуйн газрын даргаар,


29. Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,


30. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Баянжаргал Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын даргаар,


31. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар,


32. МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер сэтгүүлч Б.Баярсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бол, түүний нөхөр МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер П.Баярмагнай Гадаад Харилцааны Яамны газрын даргаар тус тус томилогджээ.

 

Б.Бугат

24tsag.mn