Залуучууд хүн амын олонхийг эзэлдэг учраас шийдвэр гаргахад идэвхитэй оролцвол нийгэмдээ, орон нутагтаа, орчин тойрондоо ямар их гайхамшигтай өөрчлөлт авчирдаг.

Залуу хүн эсвэл оюутан гэхээр залхуу хойрго шоудах дуртай, орон сууц нэхдэг эсвэл сургалтын төлбөр, нийтийн тээврийн асуудал л ярьдаг гэдэг ойлголт манай нийгэмд тогтсон билээ. Гэхдээ бүх залуус ийм биш, залуус бол амьдарч байгаа нийгмээ өөрчлөхийн тулд ямар нэг юм хийхийг үнэхээр хүсдэг, оролцох хэрэгтэй байгаагаа мэдэрдэг. Харин яаж оролцохоо мэдэхгүй бас иргэний боловсрол дутуугаас оролцооны ач холбогдлыг сайтар ухаж ойлгоогүй учраас идэвхи нь сул байна.

 

Манай улсын хувьд  хүн ам цөөн ч гэлээ дэлхийн нэлээдгүй олон оронд манай залуус сурсан, сурдаг сурсаар, ажиллаж, амьдарч байна.

Гэтэл өнөө үеийн залуус мэдээ мэдээлэл уншиж, улс орны эдийн засаг, нийгэм, улс төр сонирхож, судалж, нийгэмшиж явах залуу хүмүүс цөөн байгаа юм. Үүнийг сонгууль болон нийгмийн амьдралаас харж болно.


Мөн мэдээ, нийтлэл үзэж, уншиж байгаа хандалтаас харж болох юм. Өнөөдөр ухаалаг утасны хэрэглээ ихтэй болж хүн бүр утсаараа интернэттэй холбогдож дэлхий дахины бүх мэдээллийг хүлээн авч байна. Харин залуусын хувьд уншиж байгаа мэдээ нь голдуу хов жив, нүцгэн хүүхний бичлэг, зураг, оддын элдэв авир, элийрч, балайрсан гээд хэн нэгний амбиц, карьер өсгөх гэсэн худал хуурмаг мэдээлэл үзэж тэрхүү мэдээллүүд хамгийн их хандалт, уншилт эзэлсэн байх жишээний.

Мэдээ, нийтлэл түгээгчдийн хувьд хандалт их авах тэрхүү мэдээллийг оруулан телевиз, радио, сайтын хандалтаа нэмэгдүүлж байгаа. Нэг үгээр бол хандалт их байх тусам тухайн газар реклам, зар сурталчилгаа байршуулах байгууллагууд холбогдож боломж нэмэгдэнэ гэсэн үг. Тиймдээ ч энэ мэтээр мэдээ түгээдэг байх.

Үүний нэг жишээ: 7 хоногт 1 өдөр гарах Авъяаслаг Монголчууд, Яг түүн шиг шоу, Universe best song эдгээр нэвтрүүлэгт олон залуус оролцож, үзэж үүнийгээ дагаад ашиг болоод нийгмийг соён гэгээрүүлж, нийгэмшүүлж байна. Эдгээр шоу нэвтрүүлэгтэй хамтрагч олон байгууллага байгаагаас гадна хамтрах гэсэн олон зар сурталчилгааны байгууллагууд байгаа. Өртөг ч өндөр.

Үүнээс үзэхэд залуусыг энэ мэт зүйлсээр дамжуулан нийгмийн сайн сайханд уриалан дуудах, аль ч чиглэлд асар их хүчтэй гэдэг харагдаж байгаа юм. Харин яагаад залуус нийгмийн асуудалд оролцохгүй байна вэ?

Монгол улс цаашид хэрхэн хөгжиж дэвших, олон улсад нэр хүндтэй байх гээд энэ бүгд манай залуучуудаас шалтгаална. 

М.Буянжаргал