Монголын улс төрд урьд өмнө болж байгаагүй үйл явдлууд сүүлийн үед шил даран өрнөж байна. Таамаглахаргагүй, цаанаа ямар нэг эрх ашгийн зөрчилтэй ил тэмцлүүд  олон нийтийг “тоо бодоход”  ч хүргэх ажээ.

Есөн гишүүнтэй АН-ын бүлэг задрах нь гэсэн яриа сар гаруйн өмнөөс яригдаж эхэлсэн. Тэгвэл эцэстээиймэрхүү үр дүнд хүрч магадгүй үйл явдал тус бүлэгт өрнөж, тэр нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээрнийтэд ил болов.

Юутай ч олны өмнө нуулгүй “нанчилдсан” УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батзандан хоёрын юу хэлснийг сонирхъё.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: АСАР ИХ БАРАА ШАХДАГ ТОГТОЛЦОО БАЙЖ Л БАЙГАА

 

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшлийг нэмэгдүүлэхийн тулд монголчууд их зүтгэсэн. Монголчууд 51 хувийг эзэмшсэнээр гүйцэтгэх удирдлагыг дотоодоосоо томилох боломжтой болсон байдаг. Энэ үйл явдалд бид маш их баярлаж байсан. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын өмчит компани болчихоод байна. Тиймээс ч миний хувьд хувьчилсан компанид талархаж байгаа. Урд нь төр төрийнхөө хэлээр яриад 49 хувийг авах гээд чаддаггүй байсан. Харин компаниуд хоорондоо бизнесийн хэлээр ярилцаад аваад ирсэн байна. Энэ бол амжилт. Оросууд “Эрдэнэт үйлдвэр”-ийг нэг л биш болчихлоо. Буруу замаар яваад байна гэдгийг мэдэрсэн учраас зарсан гэж бодож байна. 2009 онд МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд байхдаа түүний гар хөл болсон “Жаст”-ын Ш.Батхүү хүнд тус үйлдвэрийг барьцаалах эрхийг олгосон байдаг. Тэр үед Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УИХ-ын гишүүн асан, тэр үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг нараар дамжуулж энэ эрхийг олгосон. Одоо тэр 109 сая ам.долларын өрийг Монгол Улс төлж байна. Энд суучихаад 51 хувийг шүүмжлээд байх юм. Улсын эзэмшил 51 хувьд ийм хүнд асуудал хүртэл байна. Үүнийг нь огт ярихгүй юм. Эрх мэдэлтнүүд асар их бараа шахаж, үүгээрээ баяждаг тогтолцоо байж л байгаа. Тийм учраас МАН-ынхан одоо 51 хувь дээрээ сайн ярь. Тэр С.Баяраасаа асуудлаа асуу. Компанийн засаглалын тухай хуулиар ихэнх тохиолдолд ТУЗ-ийн даргаар жижиг хувьцаа эзэмшигч талаас томилдог. Гүйцэтгэх удирдлагаа олонх хувьцаа эзэмшигч нь аваад явдаг. УИХ-ын хэн нэгэн эрхэм өөрийн эрх мэдлээ ашиглаж, хэдэн арван сая төгрөгийн үнэтэй бэлгэвч шахуулахгүйн тулд бага хувь эзэмшигч тал ТУЗ-өө ахалдаг. Дэлхий нийтийн жишиг ч ийм  бай. Одоо эрх баригч нам боломжуудаа ашиглаад ажлаа сайн хийгээд, асуудлыг нэг талд шийдэх хэрэгтэй.

/2016 оны аравдугаар сарын 25-нд Хууль зүйн байнгын хороон дээр хэлсэн үг/

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ХЭРЭЭ МЭДЭЖ, ХЭН ГЭДГЭЭ ОЙЛГООРОЙ ПҮРЭВДОРЖ ОО

 

-“Эрдэнэт”, Асгатын мөнгөний орд гэх мэт томоохон ордуудын 49 хувийг 27 настай хүүхдэд УИХ-ын зөвшөөрөлгүйгээр Оросоос аваад шууд шилжүүлж өгөхийг би буруу зүйл гэж харж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Энэ бүхнийг хийсэн бүлэглэл, бүлэглэлд ор­сон нөхдүүд үүнийгээ цагаат­гаж, зөвтгөх гэж үхэн хатан зүтгэж байна. Ц.Нямдорж гуай руу дайрч үзлээ. Ц.Нямдоржийн байр суурийг дэмжсэн Бат­зандан руу дайрч байна.

Аймаг дүүргийнх нь намын хороод хуралдаад Батзанданг АН-аас хөөх шийдвэр гаргаж эхэллээ. Үүнд баярлалаа гэж хэлье. Монголоос минь битгий хөөгөөрэй. Монголынхоо төлөө би явна аа. Ардчиллын төлөө явна. АН-ын авлигач, хулгайч нарын төлөө бол явахгүй.

Ховдоос сонгогдсон Б.Пүрэвдорж гэж хүн байна. Энэ бол Ерөн­хийлөгчийн хамаатных нь хүн. Энэ хүн төрийн албанд ажиллаж байхдаа дандаа хулгай луйвар хийж байсан. Иргэний харьяатад ажиллаж байхдаа дандаа хууль бус юм хийдэг байсан. Газар олдвол байшин барьдаг, наймаа хийдэг ийм л нөхөр. Энэ нөхөр сүүлийн үед Эрдэнэтийн 49 хувийг, монгол төрд шургалсан хулгайчдыг өмөөрөх гэж их гүйдэг болсон. Бодвол ахынх нь захиа байх. Ийм хулгайч нараас болж монгол төр дампуурч байгаа юм. АН болон МАН-д энэ мэтээр шургалсан хулгайч нар олон арваараа байгаа.

Б.Пүрэвдорж гэдэг энэ хүн сүүлийн үед над руу их дайрдаг болсон. Намайг “Эрдэнэт”-ийн 49 хувийг 27 настай хүүхдэд өгсөн нь буруу гэж хэлсний төлөө. АН-ын эсрэг ярилаа гэж буруутгаж байна. Би ардчиллын төлөө ярьж байгаа юмаа, Б.Пүрэвдорж оо. Би Монголын төлөө ярьж байна. Би хэзээ ч чамайг тойрсон хулгайч ах нарын чинь төлөө ярихгүй, явахгүй. Хэрээ мэдэж, хэн гэдгээ ойлгоорой Б.Пүрэвдорж оо

/2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд Хууль зүйн байнгын хороон дээр хэлсэн үг/

 

Ж.Батзанданг Байнгын хороон дээр ийн хэлсэн өдөр АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд албан бичиг хүргүүлсэн байна. Түүндээ “...УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсэг 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авахдаа Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах юм байна. Тус ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс Ж.Батзандан орсон бөгөөд намынхаа эсрэг байр суурьтай байгаа юм. Гэсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын бүлгээс нэг ч гишүүн ороогүй албан ёсоор мэдэгдэж байна гэжээ. Түүнчлэн Ж.Батзандан хувь гишүүнийхээ үүднээс ажлын хэсэгт орсон бөгөөд намын бүлгийг төлөөлөхгүй” гэжээ. Ийн УИХ-ын АН-ын бүлгийн дотоодод үл ойлголцол, зөрчил тэмцэл нэлээд хүчтэй өрнөж байгаа ажээ. Тэд өнөөдөр Бүлгийнхээ ээлжит мэдээллийг хийсэнгүй. Энд мэдээж  нам доторх улс төр явж буй. Гэхдээ Ж.Батзандан гишүүний хувьд хэзээ ч мартаж болохгүй нэг зүйл бий. Тэр нь одоогоос найман жилийн өмнө болсон явдал. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа Ж.Батзандан саатуулагдаж, эрүүгийн хуулийн Зандалчлах зүйл ангиар буруутгагдаж байсан. Тэр сандарсан. Сандрахаас ч аргагүй. Энэ бол цаазын ялтай зүйлчлэл юм. Мань эр ийн эрүүгийн хэргийн сэжигтэн болчихсон тууж явах үедээ байгуулаад удаагүй, өөрөө дарга нь байсан Иргэний хөдөлгөөний намаа хаяад АН-д очиж байлаа. Тэр О.Магнайтай хамт очсон, тэр үед АН-ын дарга нь Н.Алтанхуяг байсныг хүмүүс мартаагүй байгаа. Нэг үгээр, АН түүнийг аюулаас аварч ивээлдээ авсан. Энэ утгаараа, Ж.Батзандан АН-д үймээн самуун дэгдээж, үйлийг нь үзэх эрх багатай л хүн гэцгээж байна. Гэхдээ тэр улс төрийн сонголтыг чөлөөтэй хийдэг эрхэм. Үүнийгээ өнгөрсөн жилүүдэд дээрх байдлаар нотолсон байдаг. Тиймээс Ж.Батзандан ямар сонголт хийхээс АН-ын бүлгийн, цаашилбал АН-ын хувь заяа шалтгаалах боллоо гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин