-Ерөнхий сайдын суудлаасаа буухаас өмнө нам дамнасан бүлэглэлтэй тэмцэхээ илэрхийлсэн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн нь түүний ард "Шонхор", "Алтангадас", "МҮДН" зэрэг намынх нь хүчтэй фракци байхыг үгүйсгэхгүй-

Төрийн хувь заяаг зурж байхдаа хөлөөрөө толгой хийснийхээ горыг амсаж яваа АН-ынхан хөдөлгөөн орж эхэлсэн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ" гэх ганцхан өгүүлбэрээс харагдаж байна. Мань эрийн энэхүү зоримог шийдвэр, зоригтой мэдэгдлийг зүгээр нэг хийрхэл гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Учир нь, тэр "алдаа"-тай мэдэгдэл хийх жижигхэн улстөрч биш. Нэгэн цагт Засгийн газрыг хүртэл толгойлж явсан Н.Алтанхуяг өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ сойхоо илэрхийлсэн нь нөгөө талаараа шуудайнд хийсэн эвэр шиг эв түнжингээ олохгүй яваа журмын нөхдөдөө ташуур өгснийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэрхүү "ташуур"-ыг Н.Алтанхуяг ганцаараа бэлдэж улс төрийн мэдэгдэл хийсэн үү гэвэл түүн шиг худал зүйл үгүй.
Түүний ард нэг биш нэлээн хэдэн "нууц ноёнтон" тохиромжтой цаг үеийг хүлээж суугаа нь илт. Тиймээс л Н.Алтанхуяг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо тун итгэлтэй, зоригтой мэдэгдсэн болж таарах нь. Тэгээд ч үүнийг батлах гэсэн шиг явган яриа Ардчилсан намынхан дундаас сонсогдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тус намын даргын төлөөх өрсөлдөөний хамгийн гол хүн нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг гэгдэж байгаа билээ. Түүнийг “Алтан гадас”, “Шонхор”, “МҮДН” зэрэг хүчтэй фракциас зүтгүүлж байгаа сураг дуулдсан. Нөгөө талд "МҮАН", "МоАХ"-ноос Г.Батхүүг зүтгүүлэх яриа ч бий. Дээр нь Л.Болд, Л.Гантөмөр, П.Цагаан нарын нэр сонсогдож байгаа ч тэдний ард хэн нэгэн, ямар нэгэн дэмжлэг байхгүй нь тодорхой болсон. Энэ бүхнээс харахад хамгийн боломжит хувилбар нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат. Хэрэв мань эр намын дарга болох аваас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших "мөрөөдөл" нь биеллээ олох магадлал өндөр юм. Магадгүй энэ бүгдийг эртнээс төлөвлөж, харсан болохоор өнөөдөр Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн ч байж болно.
Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайд байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ-аас одоог хэр нь шалгаж байгаа. Дээр нь саяхан түүний эхнэр Х.Сэлэнгэд хилийн хориг тавьж, дансанд нь байршсан их хэмжээний мөнгийг хаанаас угшилтайг нь тодруулахаар ажиллаж байна. Эхлээд хүргэнийг нь, дараа нь эхнэрийг нь хууль, хяналтынхан "оролдож" эхэлсэн нь Н.Алтанхуягт таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.
Тэрбээр "Та бүхэн олон жил харж байгаа. Намайг Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс л Засгийн газрыг маань огцруулахын тулд хэрэглэсэн тэрхүү бохир ажил нь өнөөдөр ч үргэлжилж байна. Энэ бол намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн далд санаа ч байж мэднэ" гэх утгатай зүйлийг хэлсэн билээ.
Хамгийн сонирхолтой нь, Н.Алтанхуяг энэ бүгдийн ард бүхэл бүтэн нам дамнасан бүлэглэл бий гэдэгт итгэлтэй яваа. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн бас нэг шалтгаан нь тэднээс улс, эх орноо салгаж авах, хуйвилдааны парламентыг "унагах" гэдгийг ч өнгөрсөн лхагва гарагт илэрхийлсэн юм.
Гэхдээ эцсийн шийдвэрийг тус намын ҮЗХ болон ирэх сард болох намын Их хурлаас гаргана. АН-ынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах гэж өнгөрсөн хугацаанд хэдэнтээ товлосон ч эцсийн байдлаар ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 16-н гэж тогтоод буй. Гэхдээ энэхүү хурлаараа тэд дүрмээ шинэчлэх асуудлыг л хөндөхөөс биш намын дараагийн дарга хэн бэ гэдгийг тодруулахгүй нь нэгэнт ил болсон.
Тэр ч битгий хэл намынхаа Их хурлаар "дарга"-ынхаа асуудлыг хэлэлцэхгүй шинэ онтой золгож ч мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна. Ингэж явсаар тэд хамаг л хүч, анхаарлаа Ерөнхийлөгчийн сонгуульд чиглүүлж ч мэдэх юм. Гэсэн ч Н.Алтанхуяг нэр дэвшихээ мэдэгдчихлээ. Үүнээс гадна Хотын дарга асан Э.Бат-Үүл ил, далд аргаар мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэх болсон.
Тэгээд ч дотоод зөрчил нь чинээндээ тулсан АН-д мань хоёроос өөр нэр дэвших шаанстай хүн ховор билээ. Ямартай ч энэ мэт гаргалгааг олж харсан учраас л Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа зоригтой илэрхийлсэн болов уу гэж харж байна. Харин мань эрийг "алдаа"-тай мэдэгдэл хийх жижиг улстөрч биш гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ.

Эх сурвалж: