Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлаар “Ачит элит” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаярыг томилсон билээ. 

Тус эмнэлэг нь 500 гаруй ажилтантай бөгөөд одоогоор 150 гаруй эмч, ажилтан халагдах өргөдлөө өгсөн байна. Эмнэлгийн удирдлагаас халагдах өргөдөл өгсөн хүмүүстэй нэг нэгээр болон хэсгээр нь хүлээн авч уулзаж аль болох асуудлыг эвээр шийдэхийг хичээж байгаа аж. Гэвч шинэ захирлаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн зарим нэг тасгийн эрхлэгч болон эмч нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. 

Энэ асуудлаас болж өвчтөнүүдээ үзэхгүй чирэгдэл учруулж байна гэсэн мэдээллийн дагуу тус эмнэлэг дээр очиж сурвалжиллаа. Эмнэлгийн төв хаалгаар ороход эмнэлгийн даргатай уулзахаар хэд хэдэн өвчтөн хүлээж байлаа.

Ямар шалтгааны улмаас эмнэлгийн захиралтай нь уулзах гэж байгаа талаар П.Дамдинтогтохоос тодруулсан юм.

-Таны эмчлэгч эмч байхгүй байгаа болохоор үзүүлэх боломжгүй болчихлоо гэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Би өнөөдөр гарынхаа шохойг авахуулах ёстой юм. Гэтэл намайг үзэж байсан зөвлөх эмч Р.Шагдарсүрэн байхгүй байна. Тасгийн эмч нар нь халагдсан байгаа тул “Та эмнэлгийн захирлаас очоод ямар эмчид үзүүлэх талаараа асуу” гэсэн юм. Тэгээд асуух гээд л хүлээж байна. 

-Та удаан хүлээж байна уу?
-Өглөө л ирсэн тэгээд одоо өдөр болж байхад орж амжаагүй байна. Захиралынх нь нарийн бичиг “Цаг авахгүй  бол уулзах боломжгүй. Захирал өнөөдөр хүн хүлээж авах боломжгүй байгаа” гээд байх юм. Ямар ч байсан хүлээж байгаад уулзаж хэнд үзүүлэхээ мэдэж авах санаатай байна.

-Та аль тасагт үзүүлж байсан юм бэ?
-Би амбультороор үзүүлж байсан. Р.Шагдарсүрэн эмч 14 хоногийн дараа хүрж ирээд шохойгоо авахуулаарай гэсэн юм.

-Тасгийн эрхлэгчид нь хандаж үзсэн юм уу?
- Тасгийн эрхлэгч нь өчигдөр шөнө жижүүртэй байсан гээд өглөө эрт буугаад явчихсан байна. Тасгийн эрхлэгчийг нь орлож байгаа гэсэн н.Солонго гэдэг эмч “Бид зөвлөх эмчийнхээ хүнийг үзэх боломжгүй. Тиймээс эмчилгээ эрхэлсэн захирал, эсвэл ерөнхий захирал хоёроос асуу” гэсэн. Тэрбээр ийнхүү ярьсан юм. 

Энэ мэтээр тасгийн эрхлэгч байхгүй, эмч байхгүй гэсэн шалтгаанаар өвчтөнд хүндрэл учруулах нь эмчийн ёс зүйд байж болохгүй мэт санагдаж байна. 

Энэ асуудлын талаар тус эмнэлгийн даргаас тодруулга авах гэсэн боловч нарийн бичиг нь “Хүнтэй уулзаж байгаа. Тиймээс оруулах боломжгүй” гээд халгаасангүй. Хэсэг хугацаанд хүлээсний эцэст тус эмнэлгийн дарга Ц.Энхбаяраас  цөөхөн асуултад хариулт авсан юм.

-Зарим өвчтөн эмч нар нь халагдсан гэх шалтгаанаар хэнд хандахаа мэдэхгүй байдалд орчихоод байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Эмнэлгийн зүгээс аль болох халагдах өргөдөл өгсөн эмч нартай тулж уулзаж асуудлыг нь сонсож байна. Ингэхэд халагдах өргөдлөө сайн дураараа өгсөн болон тасгийн эрхлэгч нарын шахалтаар өгсөн эмч нар ч байна. Мөн өөрийн хүсэлтээр үнэхээр энд ажиллах боломжгүй болчихоод байна гэсэн хүн ч байгаа. Тэдгээр хүмүүсийн халагдах өргөдлийг нь хүлээж авсан. Одоогоор хоёр, гуравхан хүн л өөрсдийн хүсэлтээр халагдсан. Ер нь эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хийгдэх ёстой хагалгаа төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна. 

-Үүдэнд Р.Шагдарсүрэн эмчид үзүүлэхээр ирсэн өвчтөн байна. Гэтэл эмч нь халагдсан учраас ямар эмч үзэхийг мэдэхгүй байна. Даргаас асуу гээд тасгаас нь явуулчихсан байна. Энэ мэт асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ? 
-Р.Шагдарсүрэн эмч халагдаагүй. Одоогоор өвчтэй байгаа. Тиймээс амбулторын тасгийн эрхлэгч Р.Шагдарсүрэн эмчийн өвтөнийг үзэж байгаа. 

-Тасгийн эрхлэгч нь байхгүй. Тэгээд энэ хүн өдөржингөө ямар эмчид хандах талаараа танаас асуух гээд хүлээж байна гэсэн. Таны туслах оруулахгүй байгаа гэх юм?
-Иймэрхүү асуудал гарч байгаа. Бид эхнээс нь авахуулаад шийдвэрлэж байна. Энэ хүний асуудлыг удахгүй шийдэж өгнө хэмээн ярьсан юм. 

Эрүүл мэндийн яамнаас ГССҮТ-ийн удирдлагын багийг тэр чигт нь шинэчлэх бодлого баримталж байгаа гэнэ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт яамнаас Т.Нарантуяаг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар томилсон байна. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс аль болох эмч нартайгаа зохицож ажиллахыг хичээж байгаа боловч шинэ удирдлагуудтайгаа зохицож чадахгүй гэсэн хүмүүсийг хүсэлтийнх нь дагуу ажлаас нь чөлөөлж байгаа аж. 

Ажлаасаа чөлөөлөгдсөн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч н.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг халагдах өргөдлөө өгсний дагуу ажлаас нь чөлөөлсөн гэж байна. Та ямар шалтгааны улмаас удирдлагаа эсэргүүцээд байсан юм бэ?
- Гэмтлийн эмнэлгийн бүх эмч нарийн мэргэжлийнх байдаг. Тиймээс миний хувьд энгийн нэг  мэдрэлийн эмчээр удирдуулж чадахгүй учраас ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн.

-Танай эмнэлэгт яагаад захирал тогтоодоггүй юм. Захирал томилоход заавал хамт олноос асуух шаардлагатай гэж үү?
-Эмнэлгийг ямар хүн удирдах нь хамт олонд хамаатай. Манай эмнэлэгт Франц, Америк, Канад гээд өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшсэн өндөр боловсролтой эмч нар ажилладаг. Ц.Энхбаяр 2006 онд гуравдугаар эмнэлгийн сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй. Тийм хүн ийм том эмнэлгийг удирдаж чадна гэж бодохгүй байгаа. 

-Та нарын зүгээс тэгээд ямар захирал хүсэж байгаа вэ?
-Хамт олон дунд маань шалгаруулалт зарлаад томилоосой гэсэн хүсэлтийг тавьсан. Өөр зүйл хүсээгүй.

-Эмч нар нь халагдчихаар та нарын ажлыг хэн хийх юм бэ?
-Энэ бол бидний хийж байгаа тэмцлийн эцсийн арга. Аргагүй эрхэнд л ийм шийдвэр гаргаж байна. Эмч нар олдох ч гэлээ туршлага гэдэг зүйл чухал гэдгийг яамнаас сайн ойлгохгүй байна гэв. Гэмтлийн эмнэлгийн эмч нар удирдлагаа голж, өвчтөн нь эмчээ хайсаар хоосрох нь.

Н.Баасандэмбэрэл

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg