Манила хотноо зохион байгуулагдаж байгаа ДЭМБ-ын НДББХ-ны 64 дүгээр чуулганы өчигдрийн хуралдааныг Монгол улсын эрүүл мэндийн сайд Н. Удвал удирдлаа. Хуралдаанаар сохролоос сэргийлэх, дархлаажуулалтаар дамжуулан Б гепатитын халдварыг хянах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаар хэлэлцүүлэг хийгдэж, холбогдох тогтоолуудыг баталлаа.

Бүсийн хорооноос Сохролоос сэргийлэх Номхон далайн баруун бүсийн 2014-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулав. Төлөвлөгөөнд нүдний тусламжийг анхан шатны тусламж үйлчилгээний салшгүй хэсэг болгох замаар эрүүл мэндийн тогтолцооны тэргүүлэх чиглэл болгох асуудлыг тусгасан байна. Энэ нь манай бүсийн хувьд нүдний эрүүл мэнд, сохролын асуудлыг анх удаа Бүсийн хорооны чуулганаар тусгайлан авч хэлэлцсэн явдал болов.

 

Дээрх төлөвлөгөөний хэлэлцүүлэгт Др. С. Төгсдэлгэр оролцлоо. Тэрээр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар анх 2002 оноос эхлэн "зайлсхийж болох сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр"- ийг батлан хэрэгжүүлж ирснийг тэмдэглээд улмаар Эрүүл мэндийн яам үндэсний гуравдугаар хөтөлбөрийн төслийг эцэслэх шатандаа ажиллаж байгаа талаар мэдээлэв. Түүнчлэн 2013 онд ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн туслалцаатайгаар зайлсхийж болох сохролын талаар үнэлгээ хийснийг танилцууллаа. Үнэлгээний урьдчилсан дүнгээс харахад Монгол улсын нийт хүн амын 1.7 хувь сохор, 11.6 хувь хараа муу байгаа ба нийт сохрол болон харааны гажгийн дийлэнхи нь буюу бараг 90 хувь нь зайлсхийж болох байсныг тогтоосон байна. Түүнчлэн нийт сохролын 39 хувь нь болор цайлтын улмаас үүсэлтэй байсан бол 21 хувь нь нүдний даралтын улмаас тохиолдсон байжээ. Энэ байдал нь ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, тусламж үйлчилгээний хүртээмж ялангуяа хөдөө орон нутагт муу байгаа болон болор солиулах мэс ажилбарын төлбөр өндөр зэрэг шалтгаантай байна. Иймээс Бүсийн хорооноос танилцуулсан Сохролоос сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Үүний дараа дархлаажуулалтаар дамжуулан Б гепатитын халдварыг бууруулах бүсийн зорилтыг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ. Манай бүсийн хувьд 5 хуртлэх насны хүүхдийн дунд Б гепатитын халдварыг 2012 он гэхэд 2 хувиас бууруулах зорилттой ажиллаж, бүсийн хэмжээнд энэхүү зорилтоо биелүүлсэн байна. Улмаар 2011 онд Бүсийн хорооны Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөх хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу манай бүс дээрх амжилтаа бататган 2017 он гэхэд Б гепатитын халдварыг 1 хувиас бууруулах шинэ зорилт дэвшүүлэхээр боллоо. Харин Монгол улсын хувьд дээрх зорилтыг аль хэдийнэ хангасан ба үүнийг бүсийн хорооноос баталгаажуулсан болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол улсын хувьд халдвар авсан насанд хүрэгчдийн хувь өндөр байдгийг тэмдэглэн, зорилтот бүлгийнхэнд нөхөн дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгааг танилцуулав. Тухайлбал, анагаахын болон сувилахуйн сургуулийн оюутнуудыг эхний ээлжинд нөхөн дархлаажуулалтад хамруулж, цаашид бүх их дээд сургуулийн оюутнуудыг дархлаажуулах ажлыг төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь Номхон далайн баруун бүсийн 2014-2020 онд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл байв. Дээрх төлөвлөгоөөний зорилго, агуулга, чиглэл нь Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаар баталсан Халдварт бус өвчнийг бууруулах, хянах дэлхийн төлөвлөгөө (2014-2020)-ний агуулгатай ижил юм. Бүсийн улс орнууд өөрсдийн улс орны өвөрмөц нөхцөл байдалд тохируулан зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах хувь хэмжээ, хэмжиж болохуйц шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох ба гол нь энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллах ёстой юм.

Дээрх асуудлын хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н. Удвал оролцож, Монгол улсын Засгийн газраас халдварт бус өвчнийг хянах, бууруулах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг товч танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачилгаар "Архигүй монгол" үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа талаар тогтож ярилаа. Хууль эрх зүйн хувьд Архидан согтуурахтай тэмцэх хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа хийгээд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн чанарын хяналтыг чангатгах замаар үйлдвэрлэгчдийн тоог бууруулах арга хэмжээ авч байгаа зэргийг онцлон тэмдэглэв. Улмаар Сайд Н. Удвал ДЭМБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрыг Тамхины хяналтын суурь конвенцийн нэгэн адилаар архины хортой хэрэглээг хянах олон улсын арга хэрэгсэл бий болгохыг хүсэж, хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн энэ чухал асуудалд Номхон далайн баруун бүсийн бүх улс орнуудыг онцгой ач холбогдол өгч, дэмжиж ажиллахыг уриаллаа.