Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа албан ёсоор зарлаж, : " Хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын албанаасаа огцрох үедээ болон УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө миний хэлж байсанчилан улс төрийн амьдрал өрнөлөө...
 
Нам дамнасан хуйвалдааны бүлэглэл Монгол улсыг айдсаар захирч, эдийн засгийн өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж байна... Би ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ...  МАН амлалтаасаа буцаж, төрийн бүхий л шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө явж байна. Хуйвалдааны бүлэглэл хуулийн байгууллагыг шууд ил цагаан удирдаж байна...  
 
Үүний эсрэг би тэмцлээ эхлүүлж байна...Бидний Монгол үүрд мандан бадраг" хэмээсэн билээ. Түүний энэ мэдэгдлийг АН-ын лидерүүд тун их гайхан хүлээн авч буй бөгөөд учир нь  тус намын удирдах хүрээнд ийм тохиролцоо хийгджээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-ыг удирдаж байсан Н.Алтанхуяг, З.Энхболд нарын хэн нь ч нэр дэвшихгүй бөгөөд харьцангуй нэр цэвэр, 2-р эгнээнд байсан улс төрчийг нэр дэвшүүлэх нь зөв гэж санал нэгтэй тохирсон гэх бөгөөд энэ нь УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал гэнэ. Мөн Г.Батхүү, Э.Бат-Үүл гээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй улс төрчид нь тус намд цөөнгүй бий.
 
Иймээс ч АН-ын ҮЗХ, цаашилбал их хурлаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших мандат авч чадах магадлал маш бага атал тэрээр ийн мэдэгдэл хийсэн нь учиртай аж. Хэрэв Н.Алтанхуяг АН-аас мандат авч чадахгүй бол МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд  нэр дэвшихээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хэдийн тохиролцсон гэнэ.
 
Н.Алтанхуяг ийм нүүдлийг эртнээс тооцоолж байсан гэх бөгөөд Тусгаар Тогтнол,Эв Нэгдлийн Намыг тэрээр анхлан байгуулуулж байсан гэх баримт байдаг.
 
Э.Мягмар
sonin.mn