Маргааш АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал болно. Уг хурлаар олон асуудал хэлэлцэгдэхээр хүлээгдэж буйн нэг нь АН-ын Үндсэн дүрмийн шинэчлэлт юм. Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөнөөс эхлээд олон улс төрчид намын дүрмийн шинэчлэлийг бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, мэргэжлийн судлаачдын хүрээнд боловсруулах ёстой гэсэн санал гаргаж байсан ч АН-ын Гүйцэтгэх зөвлөл буюу аанай л З.Энхболд, Н.Батбаяр тэргүүтэн уг төслийг бэлтгэсэн байна.Дүрмийн төсөлд тусгагдсанаар бол АН-ын даргаар намын анхан шатны байгууллагуудын бүх гишүүдий гуравны нэгээс доошгүй саналыг авсан хүнийг 4 жилийн хугацаатай сонгох аж. АН-ын дарга УИХ-ын сонгуульд намаа ялуулвал дахин нэг удаа улиран ажиллах боломжтой болох гэнэ. Мөн АН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бол нэг жилийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд тусгагджээ. Өөрөөр хэлбэл АН-ын дарга ажлаа хийнгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэхэд болно. 
 
АН-ын Үндсэн Дүрмийн төслийн зарим сонирхолтой заалтуудаас: 
 
 
4.1.6 Нам нь дэд даргатай байж болох бөгөөд  дэд  дарга нь Намын даргын олгосон эрх үүргийн хүрээнд үүрэг гүйцэтгэнэ.
4.6.1 Нам нь дэргэдээ залуучуудын (40 хүртэлх насны гишүүд), ахмадын (60-аас дээш насны гишүүд), эмэгтэйчүүдийн байгууллагуудтай байна.
6.3.1 Ээлжит Их хурлыг Улсын Их Хурлын сонгуулийн дараа дөрвөн жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит бус Их хурлыг Үндэсний зөвлөлдөх хорооны нийт гишүүдийн гуравны нэгийн (1/3) саналаар зарлан хуралдуулна.
6.4.6 Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурлыг жилд нэг удаа 3 дугаар сард багтаан хуралдуулна. Хурлын товыг уг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Намын дарга зарлана.
6.5.4.4 Хяналтын Ерөнхий хорооны гишүүн нь улс төрийн болон төрийн бүх байгууллагын албан тушаалд нэр дэвших эрхтэй.
6.7.4 Бодлогын зөвлөлийн шийдвэрт тавьсан намын даргын хоригийг Бодлогын зөвлөл 7 хоногийн авч хэлэлцэх бөгөөд уг хоригийг хэлэлцсэн хуралд оролцсон гишүүдийн 1/3 хувийн дэмжлэг аваагүй тохиолдолд хоригийг хүчингүйд тооцно.