"Рио 2016" олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан М.Анхцэцэг өдгөө Япон улсад үргэлжилж буй хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Манай тамирчин тус тэмцээнд хөрөнгө санхүүгийн асуудлаас болж дасгалжуулагчгүй ганцаараа явсан ч тун амжилттай оролцож, Азийн аварга боллоо. Тэрбээр огцмоор 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэрээр 235 кг өргөн, Азийн аварга болж, Токиогийн тэнгэрт Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ.

Өдгөө 19 настай М.Анхцэцэгийг олимпийн наадамд орсноос хойш АНУ, БНСУ, Казахстан, Узбекстан гэсэн дөрвөн улсаас өөрийн улсын нэр дээр тэмцээн уралдаануудад оролцох санал тавьсан тухай эх сурвалж мэдээллэж байна. Үүнээс хамгийн өндөр дүнг БНСУ-ын талаас тавьжээ. Гэвч М.Анхцэцэг энэ асуудлыг багшийн хамт ярилцаж, татгалзсан хариу өгсөн гэв.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд М.Анхцэцэгийг багшгүйгээр ганцаар явсны дараахан дэлхийн шилдэг найман тамирчин урилгаар оролцдог "Дэлхийн цом"-д оролцох урилга нь ирсэн байна. Гэвч багш, шавь хоёр ахиад л зардалгүй байгаа тул М.Анхцэцэг дахин ганцаар явах уу гэсэн асуултын өмнө ирээд байна.

Дашрамд дуулгахад, Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж 2020 оны олимпийн наадам хүртэл М.Анхцэцэгийн бэлтгэл сургуулилтийг ивээн тэтгэнэ гэдгээ олимпийн наадмын дараа мэдэгдэж байсан билээ.