Ардчилсан залуучуудын холбоо өнгөрөгч бямба гарагт чууллаа. 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулганаар тус холбооны удирдлагын шинэ багийг сонгов. АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Дэмчиг /УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга асан/ сонгогдсон бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Эрдэмхишиг, Б.Ган-Очир, Г.Оюунбат, Э.Өлзийбаяр, Ж.Сугарсүрэн нар, дэд ерөнхийлөгчөөр Д.Бямбасүрэн, Т.Эрдэнэхүү, Р.Оюун-Эрдэнэ, С.Норов, Д.Мөнхчулуун, Г.Тамир, Н.Отгонбаяр, Ш.Отгон-Өлзий, В.Энхмөнх, П.Алтан-Од нар сонгогдсон юм.

            Чуулганы үеэр залуучууд олон асуудал хөндөн хэлэлцлээ. Тухайлбал, УИХ болон орон нутгийн сүүлийн сонгуулийн үр дүн Ардчилсан намд шинэчлэл нэн чухал хэрэгтэй гэдгийг харуулсан. Иймд Ардчилсан залуучууд намын төдийгүй улс төрийн тогтолцоонд зөв жишиг тогтооход манлайлан оролцох ёстой гэдэг дээр санал нэгдэв.

            АЗХ бол Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага. 36 болон түүнээс доош насны залуус энэ байгууллагад хамрагддаг. Статистикаас харахад, Монгол Улсын хэмжээнд 18-36 хүртэлх насны залуус нийт сонгогчийн 54 орчим хувийг эзэлж байна. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулиар энэ насны төлөөлөл болсон гурван хүн  парламентад сонгогдсон нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Зөвхөн сонгууль гэлтгүй нийгмийн олон талт үйл ажиллагаанд залуучуудын оролцоо сул байгаагаас төрийн бодлого залуучуудын хүсэл эрмэлзлээс хол байна. Үүнээс үүдэх хохирлыг нэгэн үеийн залуус хамтдаа үүрнэ.  Иймд залуу хүн бүр хаа байгаа газраа чадах бүхнээрээ оролцох ёстой гэдгийг хэлж байсан юм.

            Өнгөрсөн хугацаанд чадвартай залуус төрд зүтгэх боломж гарч байсан ч намын харъяаллаар халаа сэлгээнд өртсөөр байна. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал нь улс орны  хэтийн хөгжлийн үндэс суурь болдог. Иймд төрийн албыг дархлаажуулах шаардлагатай байгаа талаар залуучууд ярьж байв.

            АЗХ-ны шинэ удирдлагуудын зүгээс аливаа бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанчаар хандана гэдгээ онцолж байв. Өөрөөр хэлбэл, судалгаанд суурилсан байгууллагын соёлыг бий болгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.