“Капитал” банк ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр өнгөрсөн 2012 онд 80 орчим ажилтандаа хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээл олгожээ. Ингэхдээ шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны үнийг 1 ам.метр тутмыг нь 1 сая 350 мянган төгрөгөөр тооцсон байна.

Гэтэл энэ оны нэгдүгээр улирлаас эхлээд орон сууцны зээл авсан ажилтнуудаа дарамталж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тус банкны зүгээс орон сууцны зээл авсан ажилтнуудтайгаа хийсэн гэрээгээ дур мэдэн өөрчилж, 1 ам.метр тутмынх нь үнийг 450 мянган төгрөгөөр нэмж 1.8 сая төгрөгөөр худалдаж ав хэмээн тулгасан байна. Энэ шийдвэрийг нь эс зөвшөөрсөн тохиолдолд байрнаасаа гар хэмээн дарамталж эхэлжээ.

 

“Капитал” банк ажилтнууддаа орон сууцны зээл олгох болсон шалтгаан

 

2011-2012 онд Капитал банк “Шинэ дэлхий”, “Би Энд Си”, “Катринг” зэрэг гурван компанид барилгын санхүүжилтын зээл олгосон байна. Тухайн үед дээрх нэр бүхий барилгын компаниуд нь зээлээ аваад, барилгаа барьж байсан ч зээлийн эргэн төлөлт нь удааширч улмаар чанаргүй зээлийн ангилалд ороод ирж.

Гэтэл яг энэ үед Монгол банкнаас Капитал банкинд шалгалт орсон байна. Хэрэв Төв банкныхны хийсэн шалгалтаар олон тэрбум төгрөгийн чанаргүй зээл нь ил гарвал тус банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Тэр ч утгаараа Капитал банкны удирдлагууд энэ нөхцөл байдлаа далдлахын тулд ажилтнууддаа орон сууцны зээл олгох хувилбарыг сэдсэн нь өдгөө асуудлын зангилаа юм. Ингээд л орон сууцны зээл авах хүсэлтэй хөгшин, залуу гэлтгүй бүх л ажилтнуудаа хавтгайруулан зээл олгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, ямар ч судалгаагүй, шалгуур үзүүлэлтгүйгээр зээл авах хүсэлтэй хүн бүрийг хамруулсан байх юм. Энэхүү зээлд тус банкинд ажилд ороод 1-2 сар болж байсан нэгэн ч хамрагдсан аж. Ингээд л Монгол банкнаас хийсэн шалгалтад олон тэрбумын чанаргүй зээлээ ажилчдадаа зээл олгосон нэрийдлээр хаацайлсан нь энэ гэдгийг тус банкинд ажиллаж байсан ажилтнууд нь хэлж байна.

 

"Капитал" банкны албан хаагчдадаа зориулан захиалсан "Шинэ Дэлхий" ХХК-ийн орон сууц

 

Зээл олгосон ажилтнуудаасаа байрыг нь булаан авч эхэлжээ

 

"Капитал" банкны Хүний нөөцийн ахлах ажилтнаар ажиллаж байсан Т.Ганчимэгийн хувьд банкнаас нь олгосон өнөөх зээлээр хоёр өрөө байр худалдан авчээ. Ингээд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн зээлийн графикийн дагуу сар бүр 730 мянган төгрөгийг яг хугацаандаа төлж явсаар байр ашиглалтад ороход буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байрандаа оржээ. Ингээд тэрбээр энэ оны хоёрдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Ингэхдээ гэрээнд заасан ёсоор орон сууцны зээлээ харилцагчийн нөхцөл рүү шилжүүлье, зөрүү мөнгийг нь өгье гэжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд тусгагдсанаар ам.метр тутам дээр 150 мянган төгрөг нэмж тооцоод нийтдээ 10 орчим сая төгрөг бэлнээр өгөөд, ажлаас гарсан өдрөөсөө эхлээд харилцагчийн нөхцөл рүү шилжих хүсэлтээ удаа дараа гүйцэтгэх захирал А.Ариунболд, зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг, тусгай активын мэргэжилтэн н.Баяраа нарт бичгээр өгчээ. Мөн амаар ч удаа дараа хэлж байсан байна. Гэтэл үүнийг шийдвэрлээгүйн дээр ажлаас гарсных нь дараа "Капитал" банкны зүгээс Ганчимэгт албан бичиг явуулсан байх юм.

 

"Капитал" банкнаас  Т.Ганчимэгт илгээсэн албан бичиг

 

Энэхүү бичигт “Чи ажлаасаа гарсан учраас ажлын 3 хоногт багтаан яаралтай орон сууцаа чөлөөлж өг, хууль бус оршин суугч” гэжээ. Тэрбээр “Миний хувьд орон сууцны зээлийнхээ эргэн төлөлтийг жил гаруй төлсөн. Сар бүр 730 мянган төгрөг гэхээр ойролцоогоор 9 сая төгрөг төлчихсөн байсан. Үнэхээр байраа авах гээд байгаа юм бол нэг жилийн турш төлсөн зээлийн эргэн төлөлтөө буцаан аваад байрыг нь суллаж өгье гэтэл миний энэ төлсөн мөнгийг хүртэл эргүүлэн олгохгүй гэдгийг тус банкны зүгээс мэдэгдсэн. Үүнийгээ тэд түрээсийн үнэ хэмээн тайлбарлаж байгаа. Хоёр өрөө байр түрээсэлбэл сард ийм хэмжээний төлбөр төлөх учраас төлсөн мөнгийг чинь өгөхгүй гэсэн. Уг нь би зээлийн гэрээ хийснээс түрээсийн гэрээ хийгээгүй. Мөн орон сууц худалдан авсан зээлийн гэрээн дээр ажлаас гарсан тохиолдолд байрыг нь хураан авна гэсэн ямар ч зүйл заалт байхгүй. Хэрэв ажлаас гарсан тохиолдолд харилцагчийн зээл рүү шилжээд хүү нь бага зэрэг нэмэгдэх л заалт байгаа.

 

Капитал банкы алжилтнуудтайгаа байгуулсан орон сууцны зээлийн гэрээ

 

Уг гэрээнд тухайн орон сууцыг хурааж авна гэсэн зүйл заалт байхгүй байгаа юм

 

Орон сууцны гэрээг аль нэг тал дангаар шийдэн цуцлах эрхгүй хэмээн заажээ

 

Би тэр дагуу зөрүү мөнгийг нь төлөөд байраа авах гэтэл үгүй гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Өнгөрсөн зун тус банкныхан намайг байрнаас гарахыг шаардаад манай гэрийн тогийг сар гаруй тасалсан. Арга ядаад Мэргэжлийн хяналтынханд хэлтэл тус барилгын компанид акт бичээд тог залгаж өгсөн. Тэгэж байтал Хан-Уул дүүргийн шүүхээс намайг дуудсан. Капитал банкныхан байрны асуудлаар намайг шүүхэд өгсөн байсан. Үндэслэл нь “Ажлаас гарсан учраас байраа буцааж авна, Хууль бус оршин суугч” гэсэн байв.

"Капитал" банкны нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийг шүүх хүчингүй болгожээ

 

 

Гэтэл шүүхээс тус банкны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байтал өнөөг хүртэл надаас байр авна хэмээн дарамталсаар байна.

 

Т.Ганчимэг

 

Тус банкны удирдлагууд “Хууль мөнгөтэй хүний талд үйлчилдэг. Чиний хаа хол явахыг харна” гэх зэргээр намайг өдөр шөнөгүй дарамталж байна. Хамгийн сонирхолтой нь банк бол зөвхөн зээл олгох л харилцааг зохицуулдаг. Миний бие барилгын компанитай гэрээ байгуулж энэхүү орон сууцыг худалдаж авсан. Харин уг орон сууцны эзэмших эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр гарч түүнийг нь банк зээлийнхээ барьцаанд авах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр манай байрны гэрчилгээ Капитал банкны нэр дээр гарчихсан явж байна.

 

"Капитал" банкны нэр дээр гарсан орон сууцны гэрчилгээ

 

Мөн өнгөрсөн наймдугаар сард миний орон сууцны зээлийг хэн нэгэн төлөөд хаачихсан байсан. Монгол банкны зээлийн лавлагаан дээр би ямар ч зээлгүй гэж гарч байгаа.

 

 Монголбанкнаас гаргасан Т.Ганчимэгийн зээлийн лавлагаа. Хэн нэгэн  түүний зээлийг хаасан байна.

 

Мөн миний харилцах болон хадгаламжийн дансыг тус банкныхан хуулийн байгууллагын ямар ч шийдвэргүйгээр дур мэдэн хаачихсан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг ч өгөхгүй барьцаа болгоод авчихсан явдал нь хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байна. Үндсэн хуульд зааснаар би эрүүл аюулгүй аж төрж, хөдөлмөрлөх эрхтэй шүү дээ. Гэтэл хуулиар олгогдсон эрхийг минь ингэж хязгаарлаж байгаа явдал нь шударга бус байна. Тиймээс би энэхүү хууль бус үйлдлийн төлөө тэмцэх болно” гэв.

Түүний зээлээр худалдаж авсан орон сууц

"Капитал" банкныхан түүний энэхүү орон сууцыг нь буцаан авахаас гадна доторх тавилгуудыг нь ч өгөхгүй хэмээжээ

 

Банкны удирдлагууд гэр рүү нь халдаж, цоожных нь голыг солихоор улайрчээ

 

Баянзүрх тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Ойдов: Тэрбээр тус банкны салбарын захирлаар ажиллаж байсан. Ингээд байгууллагынхаа дотоод сүлжээнд тавьсан зарын дагуу материалаа бүрдүүлэн мөн л зээлээр орон сууц худалдан авсан байна. Гэтэл банкны удирдлагуудын зүгээс мөн л орон сууцны метр.кв тутамд нь 450 мянган төгрөг нэмж төл, эс зөвшөөрвөл байраа буцааж өг гэдэг асуудлыг тавьсантай холбоотойгоор тэрбээр байгууллагынхаа эл хууль бус үйлдлийнх нь талаар хэвлэлд хандсан байна. Гэтэл түүнийг Гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд банктай холбоотой асуудлаар сөрөг мэдээ, мэдээлэл өгсөн гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан байна.

 

Г.Ойдовыг  ажлаас халсан тушаал

 

Ингээд л зээлээр авсан байрыг нь авахаар улайрч эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт түүний гэр рүү тус банкны удирдлагууд хамгаалалтын ажилчдынхаа хамтаар халдсан байх юм. Тэд мөн л Ойдовыг ажлаасаа гарсан учраас зээлээр авсан орон сууцаа суллаж өг хэмээгээд цоожных нь голыг солихоор хүч хэрэглэсэн аж. Энэ үеэр тэрээр цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ирээд Прокурорын зөвшөөрөлгүй бусдын өмчид хууль бусаар халдлаа хэмээн банкны удирдлагуудыг явуулсан аж.

 

 
 


“Капитал” банкныхан ямар тайлбар өгөв

 

Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор "Капитал" банкны удирдлагуудаас тайлбар авсан юм. Тус банкны Бизнес хөгжлийн газрын захирал  Б.Ганбаатар “Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах үүднээс барилгын компаниудад захиалга өгч дээрх орон сууцуудыг бариулсан юм. Түүнээс биш түрээслэх, хэн нэгэнд цааш худалдах зэргээр бизнесийн ашиг олох зорилгоор уг байрыг бариулаагүй. Тийм учраас зээлээр орон сууц худалдан авсан ажилчид ажлаас гарсан тохиолдолд байраа буцааж өгөх гэрээтэй. Өөрөөр хэлбэл, тэдгээр ажилчидтай тогтвортой ажиллах гэрээ байгуулсан байсан. Өнөөдрийн байдлаар найман хүнд байраа буцаан хүлээлгэж өгөх шаардлагыг хүргүүлсэн байгаа юм. Тэдгээр хүмүүсийн тухайд, байраа бусдад түрээсэлж шилжүүлсэн, бизнесийн ашиг олох зорилгоор байраа худалдахыг завдсан болон ажлаас гарсан хүмүүс байгаа. Энэ асуудлыг хуулийн байгууллага шийдвэрлэж байгаа” гэв. Ингэхдээ тус банкныхан Т.Ганчимэгийн орон сууцтай холбоотой асуудлаар гаргасан нэмэмжлэлгийг Хан-Уул дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгосныг хууль бус шийдвэр хэмээж байсан.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу