Мартагдсан хуулийг сануулахгүй байж болохгүй нь. Нийслэл хотын өнгө үзэмжид шинэ соргог сайхан мэт харагдах зарын самбарууд хууль зөрчин сүндэрлэсээр л байна.

Өнөө л өмнөхөө мартаж дараагийнхаа хууль журамтай зууралдаж байгаа дарга нар ёстой л салан баавгайн үлгэрээр ажилласаар...

Нэгэнт тогтоосон баталсан хууль дүрмээ хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавиад дараагийн алхамаа тооцоолохгүй зөвхөн хувийн амбиц (PR) хөөн сүртэй нэрнээс цаашгүй хууль дүрэм батлаад суух нь тийм ч оновчтой санаа биш. Ер нь хууль даваж ажилладаг, хуулийг гууль болгосон “мөнгөний гахай”-нууд өнөөгийн нийгмийн нүүр царай болсон гэж өөрсдийгөө төвийлгөөд ч хэрэггүй биз ээ. Тэдний шинэ цагийн бас нэгэн төлөөлөл болох “НИЙСЛЭЛ ДЭЛГЭЦ” компани Сүхбаатарын талбайн урд байрлуулсан рекламны самбар буюу дэлгэц нь олны нүдийг хужирласаар удаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг зөрчин байж үйл ажиллагаагаа явуулж байгаа “Нийслэл дэлгэц” компани эрх мэдлийн далайд умбаж байгаа бололтой.

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор халтиргаа гулгаанаас үүдэлтэй зам тээврийн осол их гарч байгааг албаныхан сэрэмжлүүлсээр байгаа өнөө үед жолоочийн анхаарлыг сарниулах зар сурталчигааг байрлуулах нь хэр зохимжтой юм бол.

Хууль дүрэм өмнөх засгийн шийдвэр гээд бас л хөсөр хаяж байгаа юм биш биз. Цагаан дээр хараар бичигдээд хэн нэгний ширээний шүүгээнд мартагдсан энэхүү хууль дүрэм хүний амь насыг тээж байдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

 

 

Эх сурвалж FACT.MN

ЧОЙ