Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс (ЕАЭЗК) хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар ирэх онд манай улсад хамтарсан бизнес форум, экспо зохион байгуулахаар тохирсон талаар өнөөдөр ГХЯ-наас мэдээлэв.

Уг хуралдаан энэ сарын 01-02-нд Москва хотноо болсон бөгөөд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтаар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар хамтарсан судалгаа явуулах, шударга өрсөлдөөн, монополийн эсрэг зохицуулалт, төрийн худалдан авалтын бодлогын асуудал эрхлэх байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, 2017-2018 oнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахаар тохирсон байна. Мөн 2017 онд Монгол Улсад хамтарсан бизнес форум, экспо зохион байгуулах, МҮХАҮТ болон ЕАЭЗК-ын Ажил хэргийн зөвлөл хооронд хамтын  ажиллагааны Санамж бичгийг байгуулж, бизнесийн уялдаа холбоог сайжруулахаар тохиролцсон хэмээн ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар хэллээ.

Одоогоор хоёр талын ажлын хэсгүүд дээрх тохиролцоог хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд Ажлын хэсгийн гуравдугаар хуралдааныг 2017 оны хоёрдугаар улиралд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

-АНУ-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдсонтой холбоотойгоор цагаачдын асуудал хурцаар тавигдаж байна. Тус улсад байгаа Монгол иргэдийг нутаг буцаах талаар мэдээлэл ирсэн үү?

-АНУ-д Монголын 35 мянган иргэн оршин суудаг гэсэн судалгаа бий. Одоогоор манай иргэдийг нутаг буцаах асуудал яригдаагүй. Тус улсад байгаа цагаачидтай харьцуулахад Монголчууд гэмт хэрэгт холбогдох нь бага байдгаас гадна соёл урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Монголчууд хамгийн найрсаг, амар тайван хүмүүс гэдгийг АНУ-ын холбогдох албаныханд тайлбарлаж байгаа.

-БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Монгол Улсад их хэмжээний хүнсний тусламж үзүүлдэг талаар ярьж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Энэ талаар?

-Энэ талаар өчигдөр буюу энэ сарын 14-нд Казахстаны Элчин сайдын яамнаас тайлбар авахад "Уг бичлэгийг 20 орчим жилийн өмнө хийсэн. Үүнийг саяхан хэлсэн мэтээр олон нийтэд цацсан нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөх вий гэдэгт санаа зовж байна" гэсэн хариу өгсөн. 1999 онд Нурсултан Назарбаев Монгол Улсад айлчлал хийхдээ өөрөө Монголд ургац хураалтын байдал хүнд байгаа тул Баян-Өлгий аймагт 5000 тонн үр тариа тусламжаар олгох санал тавьсан. Уг саналыг манай тал хүлээн авч, 5000 тонн үр тариаг Баян-Өлгий аймагт хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш хүнсний тусламж аваагүй.

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудыг хаах талаар мэдээлэл гарсан?

-Турк сургуулиудыг хаах талаар албан ёсны хүсэлт ирээгүй. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 5 Турк сургууль хэвийн ажиллаж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

montsame.mn