Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой допингийн эсрэг сан байгуулах болсонтой холбогдуулан ярилцлаа.

 

-Монголын үндэсний бөхийн холбоо допингийн эсрэг сан байгуулахаар болжээ. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ? -Бэлтгэл шатандаа явж байна. Допингийн асуудал сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Допинг нь хорт эмийн нийлбэр гэсэн утгатай үг юм. Энэ зүйлээс сэргийлэх зорилгоор 2013 оноос төр засаг анхаарч, 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль баталсан. Уг хуулиар улсын баяр наадамд таваас дээш давсан бөхөөс допингийн шинжилгээ авч эхэлсэн. Ийнхүү бөхчүүдээс жилд ганцхан удаа допингийн шинжилгээ авч байсан. Одоо бид наадмаас наадмын хооронд допингийн шинжилгээ хийлгэх гэж байна. Допинг хэрэглэснээр тэр хүний булчингийн масс нэмэгдэнэ, зүрх судасны ажиллагаа хэвийн байдлаас илүү болж ачаалагдана. Хэрэв допингийн тунг хэтрүүлсэн тохиолдолд өөрийгөө хянах чадваргүй болох аюултай. Үүнээс гадна допинг хэрэглэснээр шударга өрсөлдөөн үгүй болно. Хамгийн аюултай нь допинг хэрэглэх нь тухайн тамирчны генийн санд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, жамаараа ялгарах ёстой эр бэлгийн гормонд гаднын хүчин зүйл нөлөөлснөөр хэвийн ажиллагаа алдагдаж, элэг гэмтэх, зүрх, бусад эрхтэн муудах эрсдэлтэй. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалаад Монголын үндэсний бөхийн холбоо 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хурлаар Монголын үндэсний бөхийн барилдаан болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийлгэх, допинг илэрсэн бөхөд хариуцлага тооцох журмыг баталлаа.

 

-Өмнө нь улсын баяр наадамд тав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байсан. Тэгвэл шинэ журамд ямар үед тэднээс допингийн шинжилгээ авахаар тусгав?

 

-Заалны барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Мөн бөхчүүд болон бөх сонирхогчдоос нэр зааж шинжилгээнд оруулахыг санал болгосон бөхийг шинжилгээнд хамруулна. Өөрөө шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөхөөс авна. Мөн мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөхийг шинжилнэ. Бас допингийн шинжилгээнд оруулах бөхийг сугалаагаар тодруулна. Ингэснээр ямар нэгэн хэл амгүйгээр асуудлыг шийдэх боломж бүрдэх юм. Мөн улсын баяр наадмын тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Допингийн шинжилгээг хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тиймээс допингийн эсрэг сан байгууллаа. Одоогоор манай Үндэсний олимпын хорооноос Солонгост нэг хүний шинжилгээг 250 ам.доллараар хийлгэж байна. Үүн дээр сорьц авах сав болон бусад зардал нэмэгддэг. Манайхаас хийлгэх шинжилгээний тухайд дээрх зардал дээр Монголын допингийн эсрэг үндэсний төвд тодорхой хэмжээний төлбөр төлж шинжилгээ авахуулна. Эдгээр зардлыг босгохын тулд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад тогтоол гаргасан. Уг тогтоолд Монголын үндэсний бөхийн холбооны санхүүгээс жил бүр 10 сая төгрөг, үндэсний бөхийн дэвжээ бүрээс жил бүр 1.5 сая төгрөгийг уг санд хийнэ. Захиалгат барилдааны зардал дээр нэг сая төгрөг нэмж, допингийн эсрэг санд оруулна. Бөхчүүдээс “Допинг”-гүй Монголын төлөө” эв санааны нэгдлийн хандив авахаар журамд тусгасан. Энэ мэт хандивт хүмүүс хяналт тавьж болохоор нэг дүн хэлж, иргэдэд нээлттэй зарлана. Допингийн эсрэг санд бөхийн жаяг дэгийн баг, бөх үзэгч болон байгууллагууд хандив өргөнө. Допингийн эсрэг сангийн мөнгийг тусгай дансанд байршуулан зөвхөн допингийн үйл ажиллагаанд л зарцуулах юм.

 

-Дээр дурдсан хүмүүсийг яагаад нэр зааж хандив өгөхийг уриалаад байгаа юм бэ?

 

-Монгол бөх монголын ард түмний зохиосон бүтээл юм. Лавтай мэдэгдэж буйгаар 6000 жилийн өмнө монгол бөх үзвэрийн шинжтэй болсон нь тогтоогддог. Ингээд дүгнэхэд монгол бөх монголчуудын ахуй амьдрал, зан заншлаас урган гарсан зүйл болохоор зохиогч нь ард түмэн юм. Тиймээс монгол бөхийг унаган шинжээр нь хадгалан авч үлдэхэд ард түмэн оролцох үүрэгтэй. Иймээс хүмүүсийг допингийн эсрэг санд хандив өгч дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.

 

-Тэгэхээр энэхүү санд хуримтлуулсан мөнгөөр допингийн шинжилгээ хийлгэнэ гэсэн үг үү. Өмнө нь шинжилгээ хийлгэхэд шаардлагатай 250 ам.долларыг хаанаас гаргадаг байсан юм бэ?

 

-Үндэсний баяр наадмаар улсын төсвөөс гаргадаг байсан. Харин санг байгуулснаар энэ сангаас зардлыг гаргана гэсэн үг.

 

-Допингийн эсрэг сангийн хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрхийг хэн эзэмших вэ?

 

-Монголын үндэсний бөхийн холбоо эзэмшинэ. Шинжилгээгээг допингийн эсрэг үндэсний төвийнхнөөр хийлгэнэ. Мэдээж Олон улсын олимпын хорооноос зөвшөөрсөн, итгэмжлэгдсэн лабораториар шинжлүүлнэ. Ийм лаборатори Азид Хятад, Солонгос, Казахстанд бий.

 

-Улсын баяр наадмын дараахан явуулсан допингийн шинжилгээний хариу хэдэн сар өнгөрөөд ирэх нь хардлага дагуулдаг. Үнэхээр шинжилгээний хариу ирэхгүй уддаг юм уу эсвэл холбогдох байгууллагууд нь тодорхой хугацаанд нууцалдаг уу?

 

-Гурван сар болдог. Наадмын маргааш бөхчүүдээс авсан шинжилгээг Солонгосын лаборатори руу явуулдаг. Солонгосын лаборатори манайхаас явуулсан сорьцыг төдөн сарын дотор буцаана гэсэн үүрэг хүлээдэггүй. Учир нь, өмнө дурдсанчлан энэ төрлийн лаборатори гурав байдаг учраас урт дараалал үүсдэг байж магадгүй юм. Дээр нь тус байгууллага олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцсон тамирчдын сорьцыг түрүүлж шинжилдэг байх. Тиймээс “А” сорьцын хариу сар гаруй хугацааны дараа ирдэг.

 

-Допингийн шинжилгээний хариуг олон нийтэд нээлттэй зарладаггүй нь хэл ам дагуулдаг. Яагаад 32 бөхөөс шинжилгээ авчихаад зөвхөн шинжилгээнд бүдэрснийг нь зарладаг юм бэ?

 

-Нэгэнт ирүүлсэн шинжилгээний хариуг зарлахад ямар ч асуудал байхгүй. Тиймээс хэн ч үзэж, бичиг баримттай танилцаж болно.

 

-Монголын спортын түүхэнд допинг илэрсэн 30 орчим тохиолдол байдгаас 16 нь үндэсний бөхтэй холбогддог. Бөхчүүд допингийн талаарх мэдээлэл дутмагаас шинжилгээнд бүдрээд байна уу эсвэл...?

 

-Допингид багтах эмийн жагсаалтыг жил бүр “Бөх” сонинд нийтэлдэг. Мөн өнгөрсөн баяр наадмын өмнө Монголын допингийн эсрэг төвийн дарга, анагаах ухааны доктор, профессор Сүхбат семинар хийсэн. Тэр үед наадамд шөвгөрөх магадлалтай 60-аад бөхөд албан хуудас өгөхөд 12 нь ирсэн. Өнөөдөр манай бөхчүүд дунд допингийн талаар мэдлэггүйгээс болж хэрэглэж байгаа нэг ч хүн байхгүй. 1999 онд допингийн шинжилгээ авч эхэлсэн. 2001 онд А.Сүхбатаас анх допинг илэрсэн. Тэр үеийг өнөөдөртэй зүйрлэж болохгүй.

 

-Допинг илэрсэн бөхчүүдийн заримынх нь цолыг хурааж, нэг хэсгийнх нь барилдах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарладаг. Бөхчүүдийн асуудлыг яагаад ингэж эрх ашгийн зөрүүтэй шийтгэдэг юм бэ?

 

-УИХ-ын 2003 онд баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд энэ талаар заасан байдаг. Мөн Засгийн газрын тогтоолоор баталсан дүрэм гэж бий. Дүрэмд цол хураах эсвэл хоёр жил барилдах эрхийг нь хасна гэсэн хоёр өөр заалт бий. Хариуцлага тооцоход улстөрчид нөлөөлдөг. Жишээлбэл, хэн нэгэн улстөрч өөрийн хамааралтай бөхийн цолыг хураалгахгүйгээр барилдах эрхийг хасуулчихдаг. Өмөөрөх хүнгүй нь өөрөөр шийтгүүлж байсан. Одоо бол энэ асуудал цэгцэрсэн. Манайхаас хийлгэх шинжилгээний тухайд цол хураалгүйгээр барилдах эрхийг хасч, допингийн шинжилгээ хийлгэсэн зардлыг нь төлүүлэхээр журамласан. Бас допинг хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх допингийн эсрэг дүрмийг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 4-6 жилээр хасч, бай шагналыг нь хураана. Уг бөх энэ асуудлаар шүүхдэх эрхгүйг журамд заасан байгаа.

 

-Бид өөрийн гэсэн допингийн шинжилгээ хийх лабораторитой болж болдоггүй юм уу?

 

-Монголд допингийн шинжилгээ хийх лабораторитой болж болохгүй хоёр шалтгаан бий. Нэгд, олон улсын стандартад нийцсэн лаборатори өндөр үнэтэй. Дээр нь лабораторитой боллоо ч ашигтай ажиллуулах орчин Монголд байхгүй. Хамгийн том зүйл нь Олон улсын олимпын хороонд хүлээн зөвшөөрөгдөх шатыг давахад амаргүй. Тухайлбал, Киргизстан улс дураараа допингийн лаборатори байгуулсан ч Олон улсын олимпын хороо үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрөөгүй. Үүнээс болж тэд 100 мянган ам.доллараа “салхинд хийсгэсэн”. Ер нь допингийн шинжилгээ хийх лабораторийг улс болгон байгуулах эрхтэй. Гэхдээ стандартыг нь хангаж чаддаггүй. Бид наадмын хооронд шинжилгээ хийснээр допинг хэрэглэхийг зогсоож чадна гэж найдаж байна. Одоо олимпын хороогоор дамжуулаад Азийн гурван лабораторид санал тавиад үнийн саналыг нь хүлээж байна.

 

Б.Сэлэнгэ