Хүндийг өргөлтийн Оюутны дэлхийн аварга, Азийн аварга, Олон услын хэмжээний мастер, М.Анхцэцэг өчигдөр эх орондоо ирлээ.М.Анхцэцэг нь энэ сард болж өнгөрсөн хоёр ч томоохон тэмцээнд зардлын мөнгөгүйн улмаас дасгалжуулагчгүйгээр ганцаар явсан юм. Түүнийг ах, дүү хамаатан садан, ээж аав нь нисэх онгоцны буудалд угтан авчээ.

Мөн М.Анхцэцэгийг тосохоор Монголын хүндийг өргөлтийн холбооны багш, тамирчид , "Алдар" спорт хорооны хамт олон, үлээвэр найрал хөгжмийн хамтлаг иржээ.

Тэрээр өнгөрсөн наймдугаар сард болсон “Рио 2016” зуны олимпын наадмын үеэр тохойндоо авсан үл ялиг бэртэл нь сүүлд оролцсон оюутны ДАШТ-ий үеэр дахин сэдэрчээ. Ийнхүү түүнийг эх орондоо ирсэн даруйд нь гэр бүлийнхэн болон багш нь эмнэлэг рүү авч явлаа.

Энэ үеэр тэрээр “Долоон хоногийн дотор болсон хоёр ч том тэмцээнд түрүүлж, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга болсондоо баяртай байна. Арваннэгдүгээр сарын 11-нд эх орноосоо мордож, арав хоногийн дараа эх орондоо ирлээ. Багшгүй ганцаараа явах үнэхээр хэцүү байсан. Ээж аав, гэр бүлийнхэндээ болон багшдаа, МХӨХ-ыхондоо маш их баярлалаа” хэмээн эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцжээ.