"Mongolian Land Cruiser Club 70 series", "Sonata Evo club", "Jeep Wrangler club" зэрэг машинтай залуусын клубүүд хамтарч автомашины осол, замын түгжрэл ихсэж байгаатай холбогдуулан сайн дураар автомашины замын цасыг цэвэрлэжээ. Тэд урьд шөнө буюу энэ сарын 21-22-нд шилжих шөнө нийслэлийн авто замын халтиргаа гулгаа ихтэй хэсгүүдийн цасыг цэвэрлэсэн байна. 

 

Тухайлбал, гулгаа ихтэй Сэлбэ голын төмөр гүүр, Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарц болон түүний өмнө гэсэн газруудад очиж цасыг нь цохиж зөөгөөд, шороо асгажээ.

Хотын түгжрэл, ослыг бууруулах зорилготойгоор тэдгээр залуус шөнө дунд хүртэл ажилласан байна. 

 

"Mongolian Land Cruiser" клубын залуусын сайн дураар нийгэмд тустай ажилд оролцож буй анхны тохиолдол нь энэ биш аж. Тэд өнгөрөгч хавар цасанд боогдсон машинуудыг татаж гарган, туслалцаа үзүүлж байсан юм. 

Зургийг: Mongolian Land Cruiser Club фэйсбүүк хуудсаас авав