Монгол Улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, ШУА үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар, академич, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөлөө.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “ШУА ойрын өдрүүдэд Шинжлэх ухааны ажилтны өдрийн хүрээнд ахмад үеийнхнийхээ дурсгалыг хүндэтгэх, тухайн жилийн шинжлэх ухааны ололтыг тодруулах, цаашдын бодлогоо тодорхойлох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг нь Б.Ширэндэв гуайн хөшөөнд цэцэг өргөх ёслол байлаа. Энэ хүн Монгол Улсын шинжлэх ухааны түүхэнд онцгой гавьяа байгуулсан, XX зууны Монголын суут хүмүүсийн нэг юм. Тэрбээр Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, МУИС-ийн анхны ректор, АИХ-ын орлогч дарга гээд төр, нийгмийн өндөр албан тушаалыг хариуцлагатай хашиж явсан. Тэр дундаа амьдралынхаа хамгийн бүтээлч үеэ ШУА-д өнгөрүүлсэн байдаг. ШУА-ийн Ерөнхийлөгчөөр 1961 онд сонгогдож, 1982 онд 70 насандаа чөлөөлөгдсөн. Хамт ажиллаж байсан хүмүүс, бидний үеийнхэн ярихдаа Ширэндэв гуайг үнэхээр гайхалтай хүн гэдэг. Түүний алсын хараа, асуудлын голыг олж, зоримог шийдэл гаргадаг зан нь бидэнд үлгэр дуурайлал болдог. Тэр хүнтэй хамт ажиллаж байсандаа үнэхээр бахархдаг” гэв.  

Цэцэг өргөх ёслолд БСШУСЯ-ны төлөөлөл, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, төрийн өмчийн их, дээд сургуулийн удирдлага, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирал, академич нар оролцов. Академич Б.Ширэндэвийн хөшөөнд энэ жилээс эхлэн жил бүр цэцэг өргөх юм. Дашрамд дурдахад, тэрбээр 1966 онд Монгол Улсын төрийн шагнал, 1991 онд Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, 1995 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байжээ.