Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ш.Батсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Ш.Батсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд  УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдоос хамгийн олон санал авч УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсан АН-аас нэр дэвшигч З.Нарантуяад олгосон УИХ-ын гишүүний түр үнэмлэх буюу тус үнэмлэхийг олгох тухай СЕХ-ны тогтоолыг хүчингүй болгуулах, УИХ-ын  сонгуулийн 18 дугаар тойргийн 45, 46, 47, 48 дугаар хэсэг, мөн тойргийн 1, 2, 3, 12, 14, 51 дүгээр хэсгийн санал хураалтыг тус тус хүчингүйд тооцож, эдгээр хэсгүүдэд санал хураалтыг дахин явуулахыг СЕХ-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүх хэвээр үлдээлээ.