Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хотод хүчтэй газар хөдлөж магадгүй тухай яриандаа цухас дурдлаа. "Муу амтай” гэж хүлээж авах нэгэн байхад үнэхээр тийм байгаа бол мэдээлэл өгөх нь зүйтэй гэх иргэд ч цөөнгүй бий.

 

Цахим ертөнцөд энэ тухай нэлээд ширүүхэн мэтгэлцэж байна. Гэтэл яг өнөөдрийн байдлаар "овоолон барьж, олноор нь оруулсан” орон сууц, хотхонуудаас аль нь газар хөдлөлтийг давж, нуранги болчихгүй үлдэх вэ гэсэн баталгааг өгчих албан тушаалтан алга. Зарахдаа бүгд л "...газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр кракас, бүрэн цутгамал" гэж ирээд л сурталчилдаг. Яг үнэндээ тэдний энэхүү яриаг байгаль эх нэг шилгээгээд л үнэн худлыг нь шалгах биз.

 

Өнөөдөр 88 мянган өрх дөрвөн их наяд төгрөгийн Моргайжийн зээлтэйгээр амьдарч байна. Манай улс 860 мянган өрхтэй.  Эдгээр өрхүүдийн 10 гаруй хувь нь урт хугацааны "өрийн системээр” байртай боллоо гэж ойлгож болохоор. Бүхий л улс орон моргайжийн зээлийг хэрэгжүүлдэг. Гэхдээ л олон жилийн турш өртэй явна гэдэг утгагүй. 

 

 

 

15-25 жилийн хугацаатай лизинг амьдралын нарийн ширийнийг "мэдрэхгүй”. Нэг сард нь өвдлөө, нөгөө сард нь баяр таарлаа гэх мэтийг ялгахгүй маш хатуу. Ялангуяа нийгэм тэр чигээрээ эдийн засгийн хямралд орж, ажилгүйчүүд олширч байгааг лизинг "тоохгүй", "ойлгохгүй”. Нэг үгээр маш хатуу дүрэмтэй. Тиймээс ч лизингээ төлж чадахгүйд хүрсэн иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр олноороо багшралдан байцаагчийн аяыг харж, байшингаа хураалгах дээрээ тулан амьдарсаар удаж байна. Энэ бол бодит дүр төрх.

 

Зах замбараагүй баригдсан байшингийн "овоолго” болон хөгжсөн манай нийслэл ачааллаа дийлэхээ болиод удаж байгаа. Овоолон дээш нь давхарладаг нь газар нутаг багатай, азийн орныг санагдуулам.

 

Манай улсад газар байна, хэдхэн хүн амтай, таатай нөхцөлтэй байхад юун биднийг дээш "овоолно” вэ? Хотоо төлөвлөж мэдэхгүй, газраа ашиглаж мэдэхгүй байгаа эрх мэдэлтнүүдийн "ланчиг” уу. Хэрэв газар хөдөлбөл эдгээр барилгуудаас хэд нь үлдэх вэ. Бие биенээ даран унах барилгаас амьд үлдэх хүн ховор болох байх. Бид хаширч байж ойлгох хүмүүс шиг. Наймаас дээш давхарт амьдрагч иргэн та газар хөдөлбөл гарч амжих болов уу. Мэдээж цахилгаан шатанд сууж болохгүй шүү дээ. Газар одоо хөдөллөө гээд хэлэхгүй, тэгэхээр таныг унтаж байхад, усанд орж байхад хөдөлбөл яах уу, мөн хөгшин хүн, хүүхдүүдийг барилгаас гарсны дараа газар хөдлөнө гээд хүлээхгүй нь ойлгомжтой.

 

Эх зах нь мэдэгдэхгүй хоорондоо "зүү” орох зайгүй баригдсан барилгаас гадаа явж байгаа иргэд хүртэл амь мултархад хүндрэлтэй. Ингээд өнөөдөр газар хөдөлвөл бид бүгд "бурхандаа залрах” нь байна. "Муу амлаж” байна гэж та ойлгож байгаа байх. Гэхдээ энэ үнэн. Манай барилгынхан мөнгөний араас "улайран” хөрсний даац, бүтэц, газрын онцлогийн шинжилгээ хийдэггүй. Түүнийг нь төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага ч тоодоггүй байх.

Мэргэжлийн байгууллагынхан барилгын чанарыг тогтоохдоо Орос ах нараас үлдсэн хэдхэн төрлийн хуучны аргаараа л үзнэ. Энэ нь 30 жилийн дараах Дэлхийн аргачилалтай харьцуулах ч зүйл биш. Бараг л нүдэн "оношлогоо”. Харин бидэнд хөгжлийн өөр гарц байна.

 

 

 

 

Монгол гэрийг хаусын дайтай хөгжүүлэн барьж болно. Айл өрх бүрийн өөрийнх нь сонголтоор 10 хүрэхгүй сая төгрөгөөр, нэг их олон жилийн лизингийн дарамтгүйгээр, хүссэн хэмжээгээрээ хийх боломж бидэнд байна. Гэтэл "талаар нэг бэлчин” бариулахгүй гэсэн санаатай мэт "овоолго” үүсгэнэ. Үнэндээ "овоол”-гийг үнэтэй зарж байна шүү дээ. Дөрвөн ханыг л 70-80 сая төгрөгөөр худалдан авч сар бүр байрны болон үйлчилгээний хөлсөндөө 50000 орчим төгрөг төлж байна. Үүн дээрээ сар бүрийн лизингээ нэмнэ. Ингээд 10-15 жилийн дараа байр таны нэрэнд шилжих ч хуучирсан барилгын тоонд аль хэдийнээ "нэрлэгдсэн” байна. Юун үр хүүхэддээ байраа өвлүүлэн үлдээх. Тэр үед байр нь хуучирсан /одоо л эхнээсээ чанараа таниулж байгаа/, барьсан компани нь дампуурсан, элэгдэж муудсан, зах замбараагүй хөгжлийн "гай” мэт болсон байна.

Үүний оронд дугуй цагаан гэрээ шууд хаус болгон шилжүүлэх арга бидэнд байна. Одоо эхний шат нь Гандангийн дэнжийн айлуудад "хаус хороолол” барьж оруулах хэрэгтэй. Хувийн хаус гэртэй болчихвол газар хөдлөхөд ч айхгүй шүү дээ. Ер нь Монгол улсын түүхэнд хэдэнтэй газар хөдлөхөд Монгол гэрийн бүтэц зохион байгуулалтаар "хүнээ дараад алчихсан” түүх байхгүй юм билээ. Ийм шинжлэх ухаанлаг сууцаа хөгжүүлэн сайжруулбал импотекийн зээл төлж олон жилийн дарамтанд амьдарснаас дээрсэн.

 

 

 

 

 

Гандангийн дэнжид өндөр барилга барьвал хотын төвийн агаарын урсгал хаагдан нарны гүүр дагуух /урд/ айлууд мөнхийн "арьс ширний үнэртэйгээ” үлдэнэ. Мөн цэвэрлэх байгууламж баруунаасаа "ханхална”. Үүнээс хойш хэдхэн жилийн дараа 19-р хороолол, Үйлдвэр комбинат, Зайсан, Мишээл экспо хавийн айлууд үгүй болж /нүүж/ "эзэнгүйрсэн” "өмхий” дүүрэг болон үлдэнэ. Тиймээс Гандангийн дэнж болон зурагт хавийн айлуудыг "Баячуудын гэр хаус” хороолол загвартай дундчуудын амьдралд тааруулан барих хэрэгтэй. Ашиглалтын зардал "овоолго” босгосоноосоо үнэтэй тусдаг гэх юм билээ. Энэ нь халаалт болон цэвэр бохирын хоолой, цахилгаан станц зэргийн зардал юм. Үнэндээ дэд станцаар шийдэн хийгдэж болох л ажил. Тасганы овоог "Зааны хошуу” уул хэмээн нэрийддэг байсан түүхтэй. Зааны хошуу уулыг сэтлэн Баянбүрдээс хороолол орох замыг тавьснаасаа болон агаарын урсгалыг нь өөрчилсөн гэх учир мэдэх ахмадууд ярьх юм билээ. Бид уул л байвал ухаж "төнхиж” байхаар амьдрах байшингийнхаа сонголтыг зөв хийж нэгдсэн системд холбон Гэр Хаус хорооллыг бий болгож болно.

 

 

Ингэвэл агаарын урсгалыг буруу эргүүллээ, хөрс бохирдлоо, газар хөдөлбөл яана гэх мэтийн айдсаас хол сайхан амьдрах боломж байна. Мөн өөрийн байшингаа үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх жинхэнэ "голомт” тань болон үлдэнэ. Барилгын компаниуд асар их мөнгийг овоолж өндөрлөсөн шаварт зориулж байхаар аль болох байгалийн гаралтай орчин үеийн технологиор зөв цэгцтэй барилга барьмаар байна. Бид чинь цусандаа тал нутгийн амьдралыг "шингээсэн” удам судрын үргэлжлэл шүү дээ.

 

Үндэстэн агентлаг