Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголд ирсэн жуулчдын тоог 325 мянга хэмээн гаргасан байгаа юм. Мэдээж хоёр хөршөөс хамгийн их буюу Хятадаас 96 мянга, ОХУ-аас 60 мянган жуулчин ирсэн аж. Гэхдээ тэднийг жуулчны визээр ирсэн гэдгийг л энэ тоо батална.
Араас нь солонгос, япончууд жагсана. Яг үнэндээ Монголд хаанаас түлхүү хөрөнгө оруулалт орж ирж байна, тэндээс л жуулчин болоод жуулчны визээр ирэгсэд олон байдаг нь тодорхой. Хятадын жуулчид буюу жуулчны визээр ирэгсэд өнгөрсөн оны мөн үеийг бодвол 10 мянгаар буурсан бол Солонгос, Япон, АНУ-аас ирсэн нь хүмүүс харин нэмэгджээ. Энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй гээд монголчууд дийлэнх нь урвагар, ярвагар байгаа ч жуулчны визээр ирэгсэд Хятад жуулчдыг дагаад буурчээ. Уг нь, манай Засгийн газрын тавьсан зорилгоор 2020 он гэхэд сая жуулчин хүлээж авна. Гэтэл энэ жил 4000-аар буурчихсан байдаг. Статистик мэдээнээс харвал хэдийгээр буурсан үзүүлэлт ч жинхэнэ жуулчилж ирэгсэд нь нэмэгдсэн бололтой. 2015 онд ДНБ-ний 3,2 хувийг бүрдүүлж, 263 сая ам.долларын орлого олж, 58000 хүнийг ажлын байраар Монголын аялал жуулчлалын салбар хангасан байна гэдэг тоо гарчээ. Энэ нь жуулчны визтэй 400 мянган хүний л Монголд оруулсан хувь нэмэр гэж болох нь. Харин 2020 онд сая жуулчин хүлээж авна гэсэн өөдрөг төсөөллөөс 1 тэрбум ам.доллар олж, ДНБ-ний 8,45 хувийг бүрдүүлж, 77 мянган хүнийг ажлын байраар хангана гэжээ.

Өнөөдөр аялал жуулчлалын салбар нь дэлхийн дунджаар ДНБ-ний 9 хувийг бүрдүүлдэг юм байна. Манайхан 2020 он гэхэд энэ тоонд дүйж очихоор санаархаж байгаа нь сайшаалтай ч...
Энэ бол тоо. Ердөө цаасан дээрх төсөөлөл шүү дээ. Нэг жил лав байрнаасаа хөдлөөгүй салбар ирэх жил ямар байх бол. Хөрөнгө оруулалтын зогсонги байдлаас харвал наашаа, цаашаа хөдлөх нь юу л бол...

Эдийн засгийн хямралаас гэтлэх, валютын хомсдлоос гарах хамгийн боломжит аргуудын нэг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дэлхийгээр хэрэн тэнэж, хөрөнгө оруулалт татах гэж эдийн засагчид үздэг. Санхүү мөнгөний тусламж, зээл биш. Ердөө танд боломж олгоё. Манайд бизнес хий гэдэг л үгийг хөрөнгө оруулагчид тэднээс хүлээж байдаг. Тэднийг дагалдаж хэчнээн бизнес, хэчнээн жуулчид ирж болохыг тооцоход төдийлэн төвөгтэй биш. Саяхан л дотоодын зөрчил хямралтай гэгдэж байсан Мьянмар жилд 7 сая жуулчин авлаа хэмээн гайхуулж байна.

Ердөө Дорнодтой залгаа байгаа хөршийн жижигхэн хот Манжуурт жилд 5 сая жуулчин хүлээж авсан гэнэ. Манай хойд хөрш дийлэнхийг, багагүй хувийг манайхан, гол цөмийг нь хятадууд өөрсдөө бүрдүүлсэн байдаг. Гуравхан жилийн өмнө очиход энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөж байсан жижигхэн Манжуур шүү дээ. Харин бидэнд өргөн уудам нутаг, орчин үеийн метрополитон хот гэгдээд буй хөгжиж  байгаа Улаанбаатар байна. Юу дутаад байгаа вэ тэгвэл. Жуулчид нэг хэсэг Монголын дэд бүтцийн тухай л ярьдаг байлаа. Ямар сайндаа Эрдэнэзууг үзүүлэхээр дагуулж очсон япон жуулчин “Ийм замаар, ингэн, ингэн явж ирчихээд ердөө энэ үү” хэмээн гомдон уйлж байсан гэх “ортой” дэгсдүүлэг гарч байхав.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газрын хийсэн ажлуудаас муу нэртэй ч хамгийн чухал нь 21 аймгаа автозамаар холбох их бүтээн байгуулалт. Бас хөдөө гэхээр л гэр гээд байлгүй аймгийн төвүүддээ барьсан орон сууцнууд.

Жуулчид Монголын дэд бүтэц сүүлийн арван жилд илт өсчээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч үйлчилгээний хувьд... гэх гомдол дуулдсаар байгааг яах вэ.
Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас гаргасан албан тоогоор энэ салбарт тур оператор 613, зочид буудал 468, жуулчны бааз 349 ажилладаг. Үүнд дээр дурдсанаар бол 58 мянган хүн ажиллаж байгаа юм.  Барилгын салбарт ажиллагсдаас даруй 1 дахин их дүн. Тэгэхээр хамгийн их ажиллах хүч шингээж байгаа энэ салбарт төрийн зүгээс өөрийн эрхгүй анхаарал хандуулах ёстой. Ялангуяа мэргэшсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд. Хэдийгээр их дээд сургууль бүрт шахуу аялал жуулчлалын анги байдаг ч тэндээс гарсан боловсон хүчин практикт гологдсоор байгаа нь харамсалтай. 

Хэдхэн хоногийн өмнө Монголын аялал жуулчлалын салбарын талаар ярилцаж суугаа гадны 4 нөхрийн нэвтрүүлгийг үзлээ. “Орон орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх маркетинг нь өөр өөрийн онцлогтой ч гэлээ, энэ бол хүн хүнтэйгээ харилцдаг салбар учраас хөгжил нь хүнээс л шууд шалтгаалдаг. Танайхныг харж байхад энэ салбарын үйлчилгээнд  ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө огт үйлчилгээ авч үзээгүй, дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд байдаг нь нэг талын дутагдал” гэхийг сонссон.

Боловсон хүчин.
Үнэхээр гадныханд байтугай дотоодынхондоо ч гологддог.  Аялал жуулчлал гэдэг зөвхөн гадаадын жуулчдаар хэмжигддэг бизнес гэвэл ёстой өрөөсгөл. Өнөөдөр энэ салбарын орлогын маш том хувийг дотоодын жуулчид өөрсдөө бүрдүүлдэг болчихсон. Гэтэл Монгол хүнтэй нэг өөр, гадны хүнтэй бас нэг өөр харилцаа үүсгэнэ гэвэл компанийнхаа цаашдын хөгжлийг талаар бодох ч шаардлагагүй. Зөөгч үйлчлэгч хийнэ гэдэг их сургуульд орж чадаагүй хүний л хийх ажил гэх үзэл амь бөхтэй хэвээр байна. Ялангуяа хөдөөгийн жуулчны баазуудад. Наад захын бараанд хэд нугарсан үнэ хэлнэ.

БОАЖЯ-ны эмхэтгэлээс харвал жуулчдын 38 хувь нь байгалийн сайн сайхныг үзэхийн тулд Монголыг зорьдог. 26 хувь нь уламжлалт соёл, нүүдэлчин ахуй, 12 хувь нь ан амьтанг харах гэж, 12 хувь нь  адал явдал эрж, түүхийг сонирхож 10 хувь байдаг бол элдэв эвентийг зорьж 1 хувь, ан агнахын төлөөнөө 1 хувь нь Монголын зорин ирдэг гэнэ. Тэгэхээр өнөөх хүний харилцаа нь хаана хамгийн чухал байх нь тодорхой. Орон нутаг дахь жуулчны баазууд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, үйлчилгээг санал болгох нь юу юунаас чухал байгаа юм. Үүний тулд сайн бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгтэй. Бас хүнээ үнэлж сурах ёстойг жуулчид ч анхааруулдаг. Үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин үлэмж бага. Уг нь хамгийн олон ажлын байр, хамгийн элбэг ажлын байр байгаа ч цалинг 200 мянгаас 800 мянган төгрөг хүртэл тогтоодог. Мэргэшсэн тогооч нарын хувьд зэрэглэл өндөр ресторанууд өндрөөр үнэлдэг ч гадны голдуу хүмүүс байдаг нь худлаа биш.

Гэхдээ манайд өөр нэг чухал зүйл бол жуулчдыг мэдээллээр хангах.

2016 онд 2015 оноос илүүтэйгээр олон солонгос жуулчин Монголд иржээ. Албан мэдээнд 20 гаруй хувиар өссөн гэж байгаа ч Солонгосчууд өөрсдөө 38 хувиар өссөн гэсэн тоо хэлдэг. Учир нь, 2016 онд Солонгост Монголын тухай мэдээ маш их цацагдсан гэнэ. Хоёр Улсын Ерөнхийлөгчийн харилцан айлчлалын дүнд Монгол оронг Солонгосын хэвлэлүүд сурталчилсан. Энэ нь жил бүр аялахаар төлөвлөдөг олон мянган солонгосчуудад “Монголд тавтай морилно уу” гэж хэлсэн юм. Гэхдээ ахиад л үйлчилгээ, салбарын боловсон хүчний чадавхиас үүдсэн асуудлууд байгааг ирээд буцсан солонгосчууд нэг биш удаа гомдоллосон байдаг. Мөн жуулчны аюулгүй байдал, тав тухтай орчин гээд ахиад хүний харилцаанд суурилсан үйлчилгээнүүд үгүйлэгдсээр...

Энэ бүхнээс үзвэл яам жуулчдын тооны хойноос хөөцөлдөлгүй, үйлчилгээний чанарт юун түрүүнд анхаарал хандуулчихаад төлөвлөсөн сурталчилгаандаа илүү ач холбогдол өгөх цаг нь болсон биз.  Бид Манжуураас юугаар дутаад байгаадаа л анхаарал хандуулмаар...

Эх сурвалж: www.assa.mn