Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо 21 насныхаа төрсөн өдрийг “Ирээдүй өөд тэмүүлсэн 21 жил” нэртэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. 21 жил үйл ажиллагаа явуулахдаа энэ байгууллага Монгол орны 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг, 154 хороонд салбартай болж, эгнээндээ 50 мянга гаруй оюутан залуусыг нэгтгэжээ.      

Тус холбоог анх 1995 онд Монгол Ардын намын дэргэд “Оюутны тэмүүлэл” клуб нэртэйгээр байгуулж, ерөнхийлөгчөөр нь одоогийн УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг сонгон ажиллуулж байжээ. Түүний дараа УИХ-ын гишүүн асан Д.Загджав, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Моннис” группын захирал Б.Чулуунбаатар, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсанаа нар ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв. Харин сүүлд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Гантулга одоо УИХ-ын гишүүний сонгуульт ажлыг давхар хашиж байна. Мөн тус холбооны Нийслэлийн хорооны дарга асан Б.Чойжилсүрэн эдүгээ Сангийн сайд, О.Содбилэг УИХ-ын гишүүний нэр хүндийг өндөрт өргөж яваа билээ. НАМОХ-ны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, салбар хариуцсан хороодын даргаар ажиллаж байсан хүмүүс өнөөдөр улс эх орныхоо төрийг түшилцэж, бодлогыг боловсруулж яваа нь энэхүү холбоог өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласныг бэлхнээ гэрчилнэ.

Анх 1995 онд “Оюутны тэмүүлэл” клуб нэртэйгээр байгуулагдсан тус холбоо нь 1998 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбоо, 2011 онд “Нийгмийн Ардчилал”  Монголын Оюутны холбоо болон өргөжин тэлсээр байна.