Б.БАЯР

Далай лам залраад буцлаа. Ард нь асуултын тэмдэг нэлээд үлдэв. За тэр, Хятадын эсэргүүцэл ч яахав. Болох ёстой юм болдгоороо л болсон. Хятад эсэргүүцэх нь тодорхой. Эсэргүүцсээр л ирсэн. Далай лам өмнө нь манайд найман удаа айлчилсан. Тэр болгонд эсэргүүцэж л байсан байдаг. Гэхдээ энэ удаад манай Засгийн газар Хятадаас 4.2 тэрбум ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байтал Далай багшаас болоод саатчихлаа гэдэг яриа улс төрийн хүрээнд илүү яригдаж байна. Нөгөө талд, ингэсэн нь болсон юм, тусгаар тогтнол, газар нутгаа тавиад туух гэж байсан аюулаас Далай багш аварлаа гэж бас ярьж байна. Чухам аль нь юм, бүү мэд ээ.

Харин монголчууд бидний сонирхлыг туйлын татасан нэгэн үйл явдал Далай ламын айлчлалын үеэр болоодохжээ. Тэр нь X Богд Монголоос тодроод үлдсэн явдал юм. Энэ тухай Далай лам яг явахдаа бүдэг бадаг мэдээлэл өгсөн. Одоохондоо бага байгаа юм, нийтэд таниулж зарлаад яахав гэсэн байдаг. Ингээд бид X Богдын эрэлд гараад өнөөдрийг хүргэлээ. Яг энэ хүүхэд гэдэг мэдээлэл бол алга. Харин хэдэн нэр байна. Ямартай ч Монголын нэртэй улстөрчийн зээ гэл үү, ач гэл үү, 1-3 насны хүүхэд X Богдоор тодорлоо гээд дотоод, гадаадгүй ярьж байна гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын хэн нэгийнх нь ач, зээ нарын нэг X Богдоор тодорчээ, янз нь. Мэдэх түвшиндээ бол хэний хэн бэ гэдгийг мэдэж байгаа гэлцэнэ. Тэр ч аргагүй байх. Гэхдээ монголчууд нийтээрээ X Богдынхоо хэн бэ гэдгийг мэдэхэд дахин хэдэн жил хэрэгтэй бол. Юутай ч ойрын үед бол X Богдын өвөө хэн бэ гэдэг таавар хэмгийн их таагчтай таавраар шалгарах нь дамжиггүй байна. Нээрэн, X Богдын өвөө хэн бэ?

Эх сурвалж: ww.polit.mn