Авьяаслаг Монголчууд шоуны онцлох оролцогчдын нэг нь яах аргагүй үндэсний өв соёлын тусгал болсон “Алтай” хамтлаг юм. Үнэхээр ч Авьяаслаг Монголчууд шоуг дэлхийн бусад Got talent-аас ялгаруулах гол онцлог нь үндэсний өв уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд юм.

Алтай хамтлаг нь язгуур урлагийн үзүүлбэрээр тус шоунд оролцож байгаа авьяастнуудаас удмын бүтээлчид гэдгээрээ ялгараад зогсохгүй, язгуур заяат Монголчуудын төлөөлөл болсон хувцас, уран хийц бүхий өвөрмөц содон хөгжмийн зэмсгүүдээрээ онцлог юм. Тэдний хөгжмийн зэмсэг нь эртний ховордсон, музейд байрламаар хэмээн шагшиж байна. Өв соёлоо хадгалж, язгуур урлагыг Монголд төдийгүй Дэлхийд энтернейшнл байдлаар цацахыг хүсч, зорилго тавьжээ.

Хамтлаг болж нэгдээд таван жил болж буй зургаан гишүүнтэй, дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй. Алтай хамтлагийн залуус удам дамжсан уран бүтээлчид гэдгээрээ онцлогтой. Тус хамтлагийн ах, дүү бий биелгээчид л гэхэд 12 дахь удмын бий биелгээчид гэнэ.

Уран бүтээлчид нь хөөмэй, морин хуур, бий биелгээ, ятга, Алтай ятга, цуур, нуман хуур, хулсан хуур, цохилбор төрлийн зэмсгүүд, шагай зэргийг уран бүтээлдээ давамгай ашигладаг. Тус хамтлагийн гишүүд нь 4-12-н үеийн биет бус өв уламжлагч гэдгээрээ цорын ганц язгуур урлагийн өв уламжлагч хамтлаг юм.

Тус хамтлаг нь уран бүтээлийн 50 гаруй бүтээлтэй. Анхны уран бүтээл нь “Өвгөдийн захиас” Хамгийн анхны клип нь “Өвгөдийн захиас” Цахим ертөнцийн хамгийн олон тандалттай уран бүтээл нь “Монгол Санта” долоо хоногт дэлхийн 1,200,000 гаруй хүмүүс үзсэн.

Хамгийн сүүлд Халимагийн алдарт туульч Цагаан-замын дуулсан “Ээж минь” дууг найруулан уран бүтээлдээ тоглож байгаа бөгөөд уг бүтээл нь цахим ертөнцөд хамгийн өндөр тандалттай байна.

Тэдний хийж бүтээсэн уран бүтээлийг өндрөөр үнэлж 2012 оны UBS телевизийн “Ногоон ирээдүй” төслийн Эко элч хамтлагаар шалгарч байсан бол 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож Шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг авсан байна. Мөн Якут улсын соѐлын яамны “Талархал” авсныг дурдахгүй өнгөрч болохгүй. 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарч. 2014 онд Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал” 2015 онд Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” - аар шалгарсан гээд тэдний гавьяа, шагналыг дурдвал их юм. 2016 онд “Домогт нүүдэлчид” эртний дуу хуурын асар театр байгуулан ажиллаж, 2016 оны 7 сард ӨМӨЗО-ны Хай Вы Энтертаймэнт агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Алтай хамтлаг Авьяаслаг Монголчууд шоуны энэ долоо хоногийн хүчтэй өрсөлдөгч юм. Уншигч та үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, ховор хөгжмийн зэмсэгтэй тус хамтлагийг дэмжинэ гэдэгт итгэл төгс байна. Манай улсыг Дэлхийд сурталчлах урлаг бол Язгуур урлаг юм. Ингээд энэ долоо хоногийн шалгаруулалтанд Ч.Цэнгүүн, Алтай хамтлаг, О.Энх-Эрдэнэ, О.Батнасан, Г.Атарбат, Hooliganz, Гэр бүлийн хамтлаг, Imagine stage, Т.Оюунтүлхүүр эдгээр оролцогчид өрсөлдөнө. Авъяастай Монголчууд дундаас ялгаран, үзэгчдийг байлдан дагуулсан дээрх оролцогчдыг, дор бүрнээ дэмжин үзэх цаг дөхсөөр байна.

Мөн энэхүү шоуг бэлтгэн чин сэтгэлээсээ ажиллаж байгаа Монгол HD телевизийн хамт олонд нийт уншигч, үзэгчдийнхээ өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлэхийн хамт цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.  

Үндэсний өв соёл Язгуур урлагыг дэмжигч байгууллага “Тэнгэрийн Модун” ТББ нь “Алтай” хамтлагийг дэмжихийг уриалж байна. Язгуур урлагийг Дэлхийд таниулцгаая.

 

 

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11