УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг, 58 зүйлтэй аж. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар оролцсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт илтгэлдээ Улсын хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомт, түүнд мөрдөх журмын зохицуулалтыг боловсронгуй болгох, хилийн нөхцөл байдал, байгаль орчин, цаг агаар, физик, газар зүйн онцлогт тохируулан улсын хил хамгаалалтыг бүсчилэн зохион байгуулах, хилийн аюулгүй байдлыг хангах төрийн байгууллагын тогтолцоо, хилчдийн эрх зүйн байдал, улсын хил хамгаалалтад иргэн, байгуулагын оролцоог шинэчлэн тодорхойлж, хуульчлах шаардлагатай болжээ. Түүнчлэн Монгол Улсын хилийн тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Улсын Их Хурлаас баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага зүй ёсоор гарч байгааг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг дурдлаа.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг хуулийн төсөлд шинээр тодорхойлж тусгасан байна. Уг хуулийн төслийг дагалдуулан 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох төслүүдийг боловсруулсан аж.

Мөн манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болж байгаа тул төсөлд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгийг сайд С.Бямбацогт онцоллоо.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж 10 гаруй УИХ-ын гишүүн  асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх байсан ч хуралдааны цаг дууссан учир түр завсарлав. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ.