ОХУ-ын Москва хотод болсон “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон Г.Гантулга хүрэл медалийн эзэн болжээ. 

“Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин, Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоо овогтой Гантулга энэхүү тэмцээнд өмнө оролцон хэд хэдэн удаа амжилт гаргаж байжээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотын Иван Ярыгины нэрэмжит Бөхийн ордонд “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдаан”-ы 11-р дугаар наадам амжилттай явагдаж өнгөрсөн юм.

Энэхүү тэмцээнд Казахстан, Киргизстан, Туркменистан, Азербайжан, Дагестан, Монгол, Орос гэсэн улс орноос Буриад, Кабардино-Балкар, Карачаево-Черкес, Халимаг, Дагестан, Тува, Якут, Татарстан, Башкир, Чуваш, Ингушет болон Ханты Мансийскийн өөртөө засах тойргоос нийт 200 нэртэй тамирчин оролцсоны дотор урилгаар оролцсон Монгол, Тажикистан болон Гүржийн бөхчүүд багтсан юм.

Жил бүр явагддаг энэ тэмцээнд Оросын үндэстнүүдийн таван төрлийн барилдааныг хамруулан өрсөлдүүлдэг. Тухайлбал, буриад бөхийн барилдаан, Орос үндэстний “За-вороток” барилдаан, татарын “Корэш”, Кавказын ард түмний барилдаан болон Якутын “Халсагай” барилдаан багтдаг гэдгийг хэллээ. Барилдаан 70, 80 болон 80-аас дээш гэсэн гурван жинд барилддаг байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоогийн Гантулга нь буриад бөхийн барилдааны 80-аас дээш жинд барилдаж 3-р байр мөн уг наадмын “Уран гараа дэвээ” тусгай шагналын эзэн боллоо.

Г.Гантулга нь сүүлийн таван жил энэ фестивальд болон Улаанталбай дээр зохиогддог Оросын бүр ард түмний наадамд, тасралтгүй амжилттай оролцдог бөх юм.  

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6