“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан нэвширтэл зодсон хэрэг олонд ил болоод буй. Өнгөрсөн баасан гаригт түүний ар гэр, хамтран зүтгэгчид нь хэвлэлийн хурал хийж, болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-аас Монгол суугаа Элчин сайдын яам, МАН-ын дарга М.Энхболд, ХУД-ийн Цагдаагийн хэлтэст хандан хүсэлт гаргажээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга н.Жаргалмаа нарыг шалгаж өгөхийг хүссэн байна. Энэ тухайгаа "Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа. ...ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулж, танхайрсан гэмт хэрэг тус хэлтэст шалгагдаж байгаа. Гэмт хэрэг гардаг шөнө буюу 2016.11.22-ны 23 цагийн орчим С.Амармандахыг бусдад зодуулан ухаан нь орж гаран хэвтэж байх үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан байна гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Олон нийтийн дунд нэгэнт илэрхий тодорхой болсон үйл явдлыг зориуд нуун дарагдуулж, С.Амармандахын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд байгааг мэдсэн хирнээ түүнийг орхин явсан С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа болон бусад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг ЭХ-ийн 35 дахь хэсэгт заагдсаныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 107, 246, 247-р зүйлд заагдсанаар шалгаж..." өгөхийг хүсч, албан бичгээр хүргүүлжээ.

Мөн түүнчлэн МАН-ын дарга М.Энхболдод хандан Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга н.Жаргалмаа нарт Дипломат албаны тухай хууль, Консулын тухай, Венийн гэрээ конвенц, Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан түдгэлзүүлж өгнө үү" гэх хүсэлтийг хүргүүлэхээр болжээ.

Түүнчлэн Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яаманд хандан "... Оросын Холбооны Улсын иргэн Армян гаралтай гэх Наганов Артём Валентиновичийн дипломат эрх ямба, дархан эрхийг Дипломат Албаны Тухай Хууль, Консулын тухай, Венийн гэрээ конвенц, Монгол Улсын Олон Улсын Гэрээний Тухай Хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан түдгэлзүүлж өгнө үү. Хэрэв та бүхэн Монгол Улсын Хууль тогтоомжийг эс хүндлэн хайхрамжгүй хандвал цаашид үргэлжлүүлэн Олон улсын хүний эрхийн хороо, НҮБ-ын дипломат ёс, дэг хариуцсан хороо зэрэг Дэлхийн хандаж болох бүх улс орон, байгууллагад хандана хэмээжээ.