Хөрөнгө оруулсан буюу хувь нийлүүлсэн болохыг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэдэг. Тэгвэл хувьцааг хэрхэн авах, зарах, яаж ашигтай ажиллаж болох вэ. Энэ талаар сурвалжлахаар бид Монголын Хөрөнгийн биржийг зорьсон юм.

Та хувьцаа эзэмшигч болохын тулд эхлээд хувьцааны данс нээлгэх хэрэгтэй юм байна. Иймээс заавал Хөрөнгийн биржийг зорих шаардлагагүй гэнэ. Хөрөнгийн биржид арилжаа хийдэг брокер дилерийн компаниудаас нэгийг нь сонгон түүгээр зуучлуулан данс нээлгэх ёстой аж. Манайд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй брокерийн компани байдаг байна. Үүнд нэмж нэг зүйлийг онцлоход иргэд их хувьчлалын цэнхэр тасалбараараа аливаа нэг байгууллагын хувьцааг авчихаад мартсан тохиолдол их байдаг аж. Хэрэв тийм бол та шинэ данс нээлгэх шаардлагагүй. Данстай үгүйгээ мэдэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вебсайтаар шалгаж болох гэнэ. Харин аль ч брокер дилерийн компани таны өмнөөс харилцаанд оролцсоныхоо төлөө шимтгэл авдаг гэдгийг анхаарах хэрэгтэй аж. Брокер дилерийн шимтгэлийн дээд хэмжээ зургаан хувь байдаг юм байна.

Брокер дилерийн компанид данс нээлгэснээрээ үнэт цаасны арилжаанд орох боломж нээгдэж байгаа юм. Гэхдээ та хувьцаа худалдаж авахын тулд мэдээж дансандаа мөнгөтэй байх хэрэгтэй. Дансандаа мөнгө байршуулснаар брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны арилжаанд орох эрх нээгдэх юм. Үнэт цаасны арилжаанд орохдоо 100 төгрөгтэй байсан ч болно. Биднийг хөрөнгийн бирж дээр очиход хамгийн бага ханштай хувьцаа 51 төгрөгөөс эхэлж байлаа. Тэгэхээр танд аль нэг компанийн нэг ширхэг хувьцааг авах боломж байна гэсэн үг. Үүн дээр брокер дилерийн компанидаа төлөх шимтгэлээ байршуулаад захиалгаа өгөхөд л хангалттай юм байна. Иргэн хувьцаа эзэмшсэнээрээ хэд, хэдэн давуу талыг эдэлж болох аж. Тухайлбал, компани ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг болгон өгдөг. Гэхдээ ногдол ашиг нь тухайн компанийн ашиг орлогоос хамаарч жил бүр харилцан адилгүй байдаг гэнэ. Өөр нэг давуу тал нь ханшийн өөрчлөлтөөс ашиг олох, компанийн удирдлага, шийдвэр гарах үйл явцад оролцож болох аж. Гэхдээ компанийн таван хувийг эзэмших хэмжээний хувьцааг худалдан авснаараа ийм эрх нээгддэг байна.

Хувьцаа худалдаж авах нь хадгаламжинд мөнгө хийхээс илүү ашигтай боловч тэр хэрээрээ эрсдэлийг тооцох нь чухал аж. Учир нь аливаа компанийн хувьцааны ханш тогтсон түвшинд байдаггүй гэнэ. Энэ нь мэдээж эдийн засаг, тухайн компанийн үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлүүдээс хамааран хэлбэлздэг байна. Тэгэхээр таны өндөр үнээр авсан хувьцаа ханшийн уналтад орох ч магадлалтай. Мөн эсрэгээрээ илүү ашиг олох ч боломжтой аж. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол шуудан” компанийн нэг хувьцаа 185 төгрөгөөр арилжаалагдаж байсан бол одоо 340 төгрөг болтлоо нэмэгджээ. Иймд хувьцааг нь худалдаж авах гэж байгаа компанийнхаа үйл ажиллагааг сайтар судлах, санхүүгийн тайланг үзэх, ногдол ашиг тарааж байсан эсэхийг шалгах, удирлагын менежмэнтийг тандах, тухайн салбартаа эзлэх зах зээлийн байр суурийг нь харилцагч брокер компаниасаа лавлах нь зүйтэй байна.

Монголын хөрөнгийн биржийн Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Нямдорж “Компаниа зөв сонгох, эдийн засгийн мэдрэмжтэй байх талаар нэг жишээ дурдъя. Нэг өвөө хүүхдүүддээ зориулж хувьцаа авч л дээ. Тухайн үед архи пиво, талхны компани хэзээ ч дампуурахгүй гээд хоёр компанийн хувьцаа авсан байна. Тэр хоёр компани нь манай бирж дээрх хамгийн өндөр үнэлгээтэй болж чадсан. Харин өнөөдөр өвөөгийнхөө ачаар хүүхдүүд нь 20 гаруй сая төгрөгийн хувьцаатай, 10 сая төгрөгийн ногдол ашигтай болчихсон байгаа юм. Ингэхээр 30 сая төгрөгийн хөрөнгөтэй болсон гэсэн үг. Иймэрхүү жишээнүүд зөндөө байдаг. Харин компани ногдол ашиг хуваарилах хэмжээний ашиг олоогүй тохиолдолд эзэмшигч хувьцаагаа зарж болох юм. Иймд анхлан худалдаж авсан үнэ өссөн тохиолдолд хувьцаагаа зарж ашиг олж болох юм” гэлээ. Та Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокерийн компанид өөрийн нэр дээр үнэт цаасны данс нээлгүүлсэн тохиолдолд тухайн компаниар дамжуулан хувьцаа, бонд зэргээ худалдах боломжтой юм.

Түүнчлэн хувьцааг хамтран эзэмшигч гэж байдаггүй аж. Тухайн хүний данс дээр нээлгэсэн хувьцааг тэр хүн л эзэмших эрхтэй. Харин тухайн хүн нас барсан тохиолдолд хуулийн дагуу нэг жилийн дараа өв залгамжлах эрх нь үүсдэг байна. Иргэний хуулиар нэгдүгээрт гэр бүлийн хүн, үр хүүхэд нь өв залгамжлах эрхтэй гэнэ. Иймд шаардлагатай бичиг баримтыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүрдүүлж өгснөөр хувьцааг өвлөн авах боломж бүрдэх юм байна.

Олон жилийн жишгээр өдийд хувьцааны үнэ их өсдөг байна. Учир нь есдүгээр сараас эхлэн хүмүүсийн хөрөнгө оруулагчдын зах зээл дээр орж ирэх нь ихэсдэг гэнэ. Мөн гуравдугаар сараас эхлэн компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэг аж. Энэ үеэр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг авах боломж гардаг учир хувьцаа авах иргэд мөн л ихэсдэг байна. Тиймээс хувьцаа өндөр үнэтэй болдог гэнэ. Харин тав, зургадугаар сараас эхлээд зуны амралттай холбоотойгоор эрэлт огцом буурдаг аж. Сүүлийн үед "Таван толгой" компанийн хувьцаа маш эрчимтэй арилжаалагдаж байгаа юм байна. Өчигдөр л гэхэд 5000 ширхэг хувьцаа 2850 төгрөгөөр арилжаалагджээ. Хэдхэн сарын өмнө 1000 төгрөгөөр арилжаалагдаж байсан хувьцаа ийн өссөн байна.

Харин “Оюу толгой” компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр худалдаалагддаггүй байна. Одоогоор Канад болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалдаг аж. Мөн “Моngolian mining corpora­tion” компанийн хувьцааг Хонгконгийн биржээс авдаг байна. Тэгэхээр гадагшаа зуучилдаг брокерийн компанийг сонгож хувьцааг нь авах боломжтой гэсэн үг юм.

Монголд "Ти Ди Би Капитал", "Голомт секюритиз" гэсэн хоёр брокерийн компани цахимаар хувьцаа, арилждаг гэнэ. Түүнээс гадна гадны биржүүдэд зуучилдаг байна. "Голомт секюритиз" компанийн шинжээч Намуугэрэл “Манайх гадаад болон дотоодын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа арилжаалах, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Харин манайхаар дамжуулж хүмүүс гадны компанийн хувьцааг худалдан авдаг. Үүнээс “Оюу толгой”, “Mon­golian mining corporation” гэх хоёр компанийн хувьцааг их авдаг. “Оюу толгой” компанийн хувьцаа өнөөдрийн байдлаар гурван доллар 44 центээр арилжаалагдаж байна. Ер нь бол зөвхөн “Оюу толгой” ч биш “Алибаба”, “Apple” компанийн хувьцааг ч авч болно” гэлээ.

Тэрээр үнэт цаасны арилжааг хүмүүс маш хэцүү, нарийн төвөгтэй ажил гэж боддог. Үнэндээ брокертойгоо холбогдчих юм бол хүндрэлтэй асуудал байхгүй гэсэн юм. Дансаа нээлгэчихсэн тохиолдолд брокертойгоо утас, мэйлээр харилцаад байх боломжтой аж. Тус брокерийн компанид өдөрт доод тал нь тав, хамгийн ихдээ 50 хүн ч ирж үйлчүүлдэг байна.

О.Ариунцэцэг