Төр засаг солигдох болгонд баахан амралт, баяр нэмсээр Монголын жирийн ард түмэн, бараг л ажиллах хугацаагүй боллоо. Та нар үүнийг төр засгийн хайр ивээл гэж ойлгож байна уу, Худлаа?!

Үүний цаана хоёрхон зорилго байдаг юм. Нэг дэх нь архины борлуулалт. Энэ гарч ирж байгаа баячуудын чинь ард Монголын бараг бүх архины үйлдвэр, архины дэлгүүр, баар цэнгээний голлох газрууд байдаг юм. Нэг баярын дараа эд нар чинь халаасаа хэд дахин түнтийлгэчихсэн байна. Нөгөө нь гадаадынхнаа эргэх хугацааг сунгаж байгаа юм. Энэ сайд дарга нарын эхнэр, хүүхдүүд бараг бүгдээрээ дулаан орны тохилог орд харшдаа байгаа.

Хүүхдүүд нь гадаадын аль нэг сургуулиудад суралцдаг. Тэднийгээ эргэх тойрох болоход хугацаа нь багадаад байдаг байхгүй юу. Тэгэхээр нь л нэг баяр нэмээд амарчихдаг.

Монголчууд долоо хоногийн зургаад нь ажиллаад бүтэн сайнд бүтэн, хагас сайнд хагас амраад болоод л байсан. Их ч ажиллаж, улс орноо их ч хөгжүүлсэн. Амьдралаа аваад явдаг, Монголд гуйлгачин, траншейныхан байгаагүй юм шүү. Гарч ирсэн Засгийн газар болгон баяр, амралт нэмсээр, сүүлдээ бүр АСЕМ-ын нэрээр арваад хоног амарч ч үзлээ. Эрх баригч хоёр намынхан уралдаад л баяр нэмж, амраагаад байгаа. М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр бүр болиод баяр нь амралтын өдөр таарчихаар, ажлын өдрөөсөө хасаад амрааж байгаа юм. Хэдхэн сарын дотор хэчнээн ч баяр, амралт нэмчихэв дээ!  

Миний хувьд зайлшгүй тэмдэглэх түүхт ой, баяр наадмыг эсэргүүцэгч биш. Гол нь амралтын өдөр болголгүйгээр даруухан тэмдэглэж болно шүү дээ. Амралт гэдэг чинь Монголд архидалт л болчихоод байгаа юм. Хар даа! Та нарын сунгасан баяраар чинь, өөрөөр хэлвэл арваннэгдүгээр сарын 26-нд Дорнод аймагт ямар эмгэнэлт явдал болов?!    23 монгол иргэн метилийн спиртэнд хордож, дөрвөн сайхан залуу нас барж, өчнөөн олон хүн үхлийн ирмэг дээр ирлээ. Эрхэм дээдсийн, биднийгээ “баярлуулж” байгаа эхний баяр энэ. Одоо хоёр дахиа арванхоёрдугаар сарын 29-нд  “баярлуулах” юм гэнэлэй.

Дорнод аймагт болсон эмгэнэлт явдлын үнэн мөнийг ард түмнээсээ нууцлаад л байгаа. Хятад эмэгтэй таван литр метилийн спирт оруулж ирээд монголчуудын амьдардаг орчинд, тухайлбал, нэг агуулахад тавьчихсан юмуу даа. Түүний нь манайхан олж, найруулаад уучихсан бололтой юм. Нэг хятад эмэгтэй хэдэн төгрөгөөр торгуулсан болоод “Монгол-Хятадын найрамдал мандтугай” гээд л өнгөрөөх байх л даа. Ард түмэн минь болгоогоорой. Тэгтэл зарим хүн хордож нас барсан өвчилсөн хүмүүсийг хулгайч худалчид нь хүрч загналаа. Нас барсан өвчилсөн хүмүүсийн гэр бүл хүүхдүүд ойр дотныхон юу гэж бодож байгаа бол. Уул нь монголчууд нас барсан ядарсан хүмүүсээ ингэж дайрч доромжилдоггүй л юм даа. Бичигч маань хятад авгайн ойр дотно хүн юм уу, их мөнгө авчихсан хүн юм уу, юутай ч Хятадын талыг өмөөрөгч л юм байна. 

Энэ бүхний чинь цаана том бодлого яваад байгаа юм. “Монголын хүнээсээ, газар нь үнэтэй” гэсэн бодлого яваад байгаагийн өчүүхэн илрэл энэ. “Монголчуудыг цөөлөх” бодлого яваад байгаагийн нэг сэжүүр энэ. Халх гол орчмын газрын тосонд бүрэн эрхтэй эзэн сууж байгаа, Монголын хуульд захирагддаггүй (манайхан ч захиръя гэж боддоггүй) тэр нэгэн компани, юу л бол юу хийж байгаа шүү дээ. Нэг “Мангар” хятад эмэгтэйн, санамсаргүй орхичихсон метилийн спирт гэж л бодвол алдас болно. Үүний чинь цаана маш нарийн учир утга нуугдаж байгаа. Магадгүй, манай зарим нөхдөд их мөнгө өгөөд хуйвалдчихсан байхыг ч байг гэх газаргүй. Дорнод аймаг, Халх гол, Тамсагийн хавьд чинь улсын хяналтын байцаагч, цагдаа шалгалтынхан гээд цалин гүзээлсэн “мануухай”-нууд бужигнаж байгаа биз дээ. Хүнсний агуулахад таван литр хортой спирт ил задгай хэвтэж байхад тэд юу хийж байв?  Энэ баяраар хэн авч уух нь вэ гэж хараад л сууцгааж байв уу?!  Энэ бол зөвхөн нэг баяраар илэрсэн тоймтой нь энэ. Манай дайснууд хаана хэчнээн литрийг тавьчихаад харж суугааг бүү мэд. Монголчуудыг ингэж л цөөлнө. Дайн хийхгүй. Архи, хар тамхи гэдэг зүйлүүд чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээ нь хэтэрчихээд байгаа. Архидалт, баяр наадмыг хэмжээ хязгааргүй нэмэж, монголчуудыг мансууруулж байгаагийн цаана, хэний ямар бодлого явж байгааг та нар мэддэг үү? Энэ бол төр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа цөөн хэдэн хүн, Монголыг том гүрний ко­лони хараат болгох гэсэн бодлого л яваад байгаа юм.

Ази , Африк, Латин Америкийн бага буурай орнууд яаж харийн колони болсон, яг л тэр замаар биднийг хөтөлж байгаа. Алт эрдэнэсийн сор болсон газар нутгуудыг нь “хөрөнгө оруулалт” нэрээр гадныханд өгч, эрх баригчид өөрсдөө баяждаг юм. Жишээ нь Оюутолгойгоо Рио Тинтод , Тавантолгойгоо Чалкод , Эрдэнэтийн 49 хувиа Орост өгч байснаа нууцаар оффшор бүсийн гадаад компанид, Ураны орд газруудаа Аревад гэхчлэн сорчлоод өгчихлөө. Монголын ард түмэнд нялзсан зүйл байсан уу, үгүй. Тэр их мөнгийг өнөөх л цөөн хэдэн хүн оффшор бүсэд аваачиж нуучихаад “Эхнэр хүүхдийнхээ нэр дээр болно” гэсэн хууль баталж баталгаажуулах гэж улайран зүтгээд байгаа. Газар нутаг, эдийн засгийн хувьд колонч­лолын бодлого Монголд ингэж биеллээ олсон.

 Нөгөө нэг гол зүйл нь үндсэн хүн амыг цөөлөх бодлого. Янз бүрийн өвчин тахал тараах, архи тамхиар мансууруулах, олноор нь осол аваарт өртүүлэх гэхчлэн хүн амыг цөөлдөгийн нэг илрэл нь саяны метилийн спиртийн хэрэг. Нэг ноцтой зүйл сая ажиглагдлаа. Огт газар хөдөлдөггүй, өнөөх эрдэнэсийн гол орд газар Цогтцэцийд саяхан ойр ойрхон газар хөдөлж, түгшүүр зарлалаа. Газар хөдлөөд байна уу, хөдөлгөөд байна уу гэдэгт Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд шалгах хэрэгтэй бус уу?! 

Монголд колончлох бодлого хэрэгжиж байгаагийн гол нэг хэсэг нь харийн шашин. Шашинаараа эзлэж авдаг л даа. Харийн шашны хэчнээн ч зуун сүм хийд байгаа юм, бүү мэд. Харийн шашныхны нэг онцлог байдаг гэсэн. Улсад багахан мөнгө төлж, зарим нь огт  төлөлгүйгээр эрх мэдэл бүхий хүнд нь их мөнгө өгчихөөд хотын төвийн хамаг сайхан газрыг эзлэж авдаг гэж!  Та нар харж байгаа даа. Жирийн иргэд цусаар уйлсан ч авч чаддаггүй хамаг сайхан газруудад гадны сүм хийд байгаа. Вокзалын арын таван оройтой сүмийн тухай мөн ч олон бичсэн дээ. Сүм бариад дутуу орхичихсон, түүний эзэн, татвар хураамж гэж юм байна уу, бүү мэд.

Монголыг колончлох бодлогын хамгийн эгзэгтэй үе одоо ид явагдаж байна. Энэ бол Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг устгах бодлого. Та нар, Монгол Улс мөнгөгүйдээ, ядуураад ам.долларын өмнө сөхөрлөө гэж бодож байна уу? Үгүй шүү, энэ чинь! Манай эрх баригчид гадныхантай сүлбээдэн, үндэсний мөнгөн тэмдэгтийг устгах том бодлого хэрэгжүүлж байгаа. Харж байгаа биз дээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгуулийн өмнө валютын ханшийг навс унагаа биз дээ. Ялагдсан чинь эргээд чангалчихлаа. Валютын ханш гэдэг чинь гадныхны гар хөл болсон цөөн хэдэн хүний хурууны үзүүрээр хөдөлж байгаа юм. Хэдэн жилийн дараа бид төгрөг гэдэг юмаа музейд тавьж, ам.доллараар арилжаа хийх болно. Хил дээр дугаарлаад байгаа гадаадын банкууд орж ирэн дураараа мөнгө хүүлнэ. Тэд дургүйгээ хүрэхээр “Банк дампуурлаа” гээд гараад явчихад та нар хэнээс мөнгөө олж авах юм?!   

Монголчуудыг баяр наадам, амралтаар далимдуулан мансууруулах гэсэн төрийн бодлого арай дэндлээ. Жирийн иргэд бол амралт, архидалт чинь хэмээс хэтэрлээ гэж байна. Ажиллаж хоногийнхоо хоолыг залгуулмаар байна гэцгээх аж. Улсын баяр наадмаар арваад хоног амрахад миний таньдаг авгай бидэнд учирлаж уйлж байсан л даа. “Ажил хийж хэдэн төгрөг олдог байсан чинь, энэ олон хоног амраагаад хоолны мөнгөгүй хоосон хонож байна” гэж билээ. Бас нэг өндөр настан “Хүү минь нэг байгууллагад гэрээгээр ажилладаг юм. Амарч байгаа нь энэ гээд алга болсон. Хэдэн залуустай дарвиад архидаж яваа сураг байна. Хоол унд ч үгүй хэцүү л байна даа” гэсэнсэн. Жирийн иргэд бол ийм л бодолтой байгаа. Ажил хийж ам тосдох юмсан л гэж бодож байгаа. Гэтэл төр засаг, эрх баригчдын байгаа царайг!  “Амралт чөлөөгөө багасгаад ажлаа сайн хийгээрэй” гэж дуугарч байгаа хүн бий гэж үү?!   Алга даа.

Энэ сарын 29-нийг бас баяр-амралтын өдөр болгочихлоо. Шинэ жилийн амралт үргэлжилнэ. Зах хязгааргүй баяр болно. Архи пивоны үйлдвэр дэлгүүрүүд аль хэдийнэ бэлтгэлээ хангачихсан. Нууц ноёнтнууд ард нь уутныхаа амыг бариад сууж байгаа. Эрхэм дээдэс биднийг нүүрсний хортой утаагаараа утаж орхичихоод гадаад руу явах “морио эмээллэчихсэн” байгаа. Их л өргөн баяр болох нь дээ. Тамсагийн эмгэнэл л дахин бүү давтагдаасай.

Эрхэм дээдэс одоо ид бодож суугаа. Нэг, хоёрдугаар сард ямар баяр нэмж, хэдий хугацаагаар амраах вэ? гэж. Улсаа хөгжүүлье, урагш нь ахиулъя гэсэн бодол орж ирдэггүй хэрнээ, ухрах, удаашруулах юманд ямар мэргэн ухаан сийлнэ гээ. Эрх баригчид минь, та нар өөрсдөө л архид, бид ажилламаар байна гэсэн өргөн түмнийхээ үгийг өнөөх муу өвгөн сэтгүүлч чинь дамжуулж байгаа юм. Та нар ч төрийн ордондоо мундаг найрладаг даа. Агсам согтуу тавьж, УИХ-ын даргатайгаа хүртэл хэрэлддэг биз дээ. Тэгж л түмний шившиг болов?