"Монголын морин спорт, залуу уяачдын холбоо" анхдугаар чуулганаа 10-дугаар сард Улаанбаатар хотноо амжлттай зохион байгуулсан билээ. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. 

  Тэгвэл тус холбооны Орхон аймгийн салбар холбооны анхдугаар чуулган зохион байгуулагдаж тэргүүн, тэргүүлэгчдээ сонгож албан ёсоор байгуулагджээ. Чуулганд 100 гаруй залуу уяачид оролцож тэргүүнээр нь Б.Тэгшбаяр сонгогдсон бол тэргүүлэгчдээр 17 хүн сонгогдсон байна.

Дашрамд дурдхад "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо" нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.

  • “Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
  • Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
  • Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.
  • Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.
  • Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.