МҮХАҮТ-аас “Валютын ханшийн өсөлт” сэдвээр Монголбанк, Засгийн газар, бизнесийнхний дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, ЗГХЭГ-ын төлөөлөл, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Банкуудын Холбооны Ерөнхийлөгч О.Орхон болон бусад бизнес эрхлэгчид оролцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Зургаадугаар сарын сүүлээс хойш долларын ханш 1,900-2,500-д хүрчихсэн байгаа. Саяын 20 гаруй хувийн уналтаас болж бүх бизнесүүдэд ашгийн тухай ойлголтгүй болчихлоо. Олж байгаа 7-8 хувийн ашиг нь үүндээ идэгдчихэж байгаа юм. Татварын тоон дүнг харахад биелэлт сайн байна. Энэ нь татварын ил тод байдлын хууль, НӨАТ-ын татвар төлөлт нэмэгдсэнтэй холбоотой болохоос эдийн засгийн сайжралтай холбоотой биш. Авдаггүй татвараа авч эхэлсэн гэсэн үг.

Макро эдийн засаг дээрээ Засгийн газар тодорхой бодлого гаргаж чадахгүй байна. Үүнээс болж бид хямралд идэгдээд дуусаж байгаа.

Нэг ч улс төрч өнөөдөр хийсэн алдаандаа хариуцлага хүлээгээгүй гэсэн бол "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан энэ асуудлаар нэлээн хүчтэй байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “Монголбанк бол дампуурчихсан юм байна. Энэ авсан бүх зээлийг чинь энгийн математикаар нэмж хасахад аль хэдийнэ дампуурчихсан.

“Буян” компани Монголбанкны оронд байсан бол дампуурчихсан байгаа. Улс төрчидтэй хуйвалдаж бизнес хийж болдоггүй юм. Зах зээлийн эдийн засаг, бизнесийг ар, өврийн хаалгаар хийхээр улс орон тэр чигтээ унадаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Шударга байя л даа бүгдээрээ. Бид ядуу байж болно. Улс орон хэцүү байж болно. Гэхдээ бид ил тод байдал, шударга ёсыг хүсээд байна шүү дээ.

Нэг хэсэг нь хулгай хийгээд яваад байх нь бидэнд таалагдахгүй байна. Сүүлийн 10 жил манай улс төрчид банкуудтай хуйвалдаж дэндүү их бизнес хийж байгаа.

Тийм учраас энэ ил тод байдлыг хадгалах хэрэгтэй” гэв.

Б.Саруул